Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд 2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь эрсдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэж байв.

Японы төвийн бүсийн Ишикава мужид 2024 оны нэгдүгээр сарын 1-ний Даваа гарагт 16:10 цагийн орчимд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами болон түймэр дэгджээ. Мягмар гаргийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 24-д хүрсэн юм. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эрэг дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарласан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, Ишикава мужийн Важима боомтод 1.2 метр ба түүнээс дээш өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23 цаг орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгдсэн байна. Тус улсын Засгийн газар байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч буй бөгөөд газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

Цунами Япон тэнгисийн эрэгт тулж, өндөр нь 5 метрт хүрч болзошгүй байгаа аж. Японы Цаг уурын хүрээлэнгээс Нигата мужид 3 метр орчим өндөр цунами үүсэж болзошгүй талаар ойр ойрхон мэдээлж, ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж буй юм байна.

Мөн Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хаяаши хэлэхдээ, Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгаж, ноцтой гэмтэл илрээгүй талаар мэдэгдсэн байна. Тус станцын хоёр реакторыг унтраажээ.

Газар хөдлөлтийн улмаас гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу орж, гарах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, “JR East” компани Тохоку, Жоэцү, Хокурикү чиглэлийн бүх хурдан галт тэрэгний үйл ажиллагааг зогсоосон бол “All Nippon Airways”, “Japan Airlines” 25 нислэгээ цуцалжээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида сэтгүүлчидтэй уулзахдаа Засгийн газар шөнөжин ажиллахын зэрэгцээ мэдээллийг шуурхай авч буй талаар мэдээлсэн байна. Гал түймэр, гамшгаас хамгаалах газраас мэдээлснээр, нийт есөн мужийн 97 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгчээ.

Японы Батлан ​​хамгаалах яамнаас 1000 орчим хүнийг Важима дахь Агаарын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний баазад нүүлгэн шилжүүлж, хөнжил, ус, хоол хүнс тарааж буй талаар мэдэгдсэн байна. Важима хотод гарсан гал түймрээс болж наад зах нь 50 барилга шатжээ.

Орон нутгийн гал түймрийн албаны мэдээлснээр, Ишикава мужийн Кавай хотын Важима дүүргийн “Важима өглөөний зах” хэмээх 1000 жилийн түүхтэй жуулчдын гудамж орчимд хүчтэй гал түймэр гарч, 50 гаруй барилга шатсан байна. Галын эрч хүч аажмаар суларч байгаа ч гал, утаа нэмэгдсэн хэвээр байгаа аж.

Түүнээс гадна Ното бүс нутагт олон тооны байшин нурсан бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. Хойд болон Өмнөд Солонгос зүүн эргийн бүс нутгуудад ижил төстэй сэрэмжлүүлэг өгсөн гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрх баригчид мэдээлжээ.

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа ОХУ-ын Засгийн газар Алс Дорнодын баруун эргийн Сахалин мужид цунами үүсэх эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн талаар “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-наас мэдээлснээр, газар хөдлөлт болсон Ишикава мужид өнөөдрийн байдлаар 123 монгол иргэн оршин сууж байгаа аж. Тус мужтай хиллэдэг Тояма мужид 111, Фүкүй мужид 43 монгол тус тус оршин сууж буй юм байна.

Одоогийн байдлаар монгол иргэд гамшигт өртсөн тухай мэдээлэл байхгүй байгаа аж. Энэхүү газар хөдлөлт нь Япон тэнгис орчмын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож буй юм байна.

Ийнхүү жилийн эхний өдөр Япон улс хүндхэн сорилттой тулгарлаа. Мөн ганц цунами, газар хөдлөлтөөр зогссонгүй. Хэлж тааварлаж боломгүй ослууд ар араасаа гарсан юм.

“Japan Airlines”-ын онгоц Японы эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж шатсан тухай мэдээлэл энэ сарын 2-ны өдөр цацагдсан.

Тодруулбал, Japan Airlines болон NHK-ийн “Ханеда” нисэх онгоцны буудалд суурилуулсан камерын бичлэгээс үзвэл, Японы агаарын тээврийн 516 дугаар онгоц нэгдүгээр сарын 2-ны 17:47 цагийн орчимд “Ханеда” нисэх онгоцны буудлын “С” зурваст газардсаны дараа удалгүй онгоцноос гал гарч эхэлсэн байна.

Шатаж буй онгоц нь Японы агаарын тээврийн 516 дугаар нислэг бөгөөд 2-ны өдрийн 16:00 цагт Шинэ Читосе нисэх онгоцны буудлаас хөөрч, 17:40 цагт “Ханеда” нисэх онгоцны буудалд газардах ёстой байжээ. Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны албаны хүмүүсийн мэдээлснээр, Японы эргийн хамгаалалтын нисэх онгоц хөөрөх зурвасын ойролцоо мөргөлдсөн гэх мэдээлэл байна.

“Japan Airlines” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, онгоцонд 367 зорчигч, багийн 12 гишүүн зэрэг 379 хүн байсан бөгөөд бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ.  Харамсалтай нь, онгоцны зорчигч болон багийн гишүүд галаас бүгд гарч чадсан ч эргийн хамгаалалтын онгоцны багийн зургаан гишүүний тав нь амиа алджээ. Уг үйл явдлын дараа “Ханеда” нисэх онгоцны буудлын бүх хөөрөх зурвасыг 18:00 цаг эхлэн хаасан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, “Ханеда” нисэх онгоцны буудалд суурилуулсан AMeDAS 2-ны 17:30 цагийн байдлаар баруунаас 1.6 метрийн салхитай байсан аж.

Олон мянган айлын эд хөрөнгө сүйдэж, хүний амь эрсэдсэн эдгээр үйл явдал дэлхий дахиныг цочирдууллаа. 2011 оноос хойш анх удаа ийм хэмжээний газар хөдлөлтийн түгшүүр зарлаж, бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Далайн эргийн эрсдэл өндөртэй нутаг дэвсгэрийн хувьд байнгын бэлтгэлтэй байдаг хэдий ч байгалийн өмнө тэд хүчин мөхөсдөж байна.

Харин иргэдийн бэлтгэл сургуулилт, хүүхэд багачуудын газар хөдлөлтийн талаарх мэдлэг зэрэг нь эрүүл мэнд, амь насыг нь аврахад ихээхэн тус болж байгааг эх сурвалжууд хэлжээ.

Нислэгийн аюулгүй байдлын мэргэжилтэн Денвер хотын Колорадогийн Метрополитан Их сургуулийн профессор Жеффри Прайс энэхүү аврах ажиллагааг “гайхамшиг” гэж тодорхойлжээ.

Тэрбээр “Энэ нь зөвхөн нисэх багийнхны ер бусын чадвараас гадна онгоцыг галд бүрэн автахаас өмнө бууж амжсан зорчигчидтой холбоотой. Зорчигчид тайван, дэг журамтай байж, эмх замбараагүй байдал үүсгээгүй нь гайхамшигтай байлаа” гэж дүгнэсэн байна.

Саяхан ОХУ-д болсон онгоцны ослын үеэр иргэд нь ачаа бараагаа авах гэж эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас олон хүн угаартаж амиа алдсан билээ. Харин энэ удаад 300 гаруй хүнийг 90 секундэд аварч чадсан нь гайхалтай. Байгалийн гамшиг, гэнэтийн осол аваарт хамгийн сайн бэлтгэгдсэн ард түмэн аж. Гэхдээ алзахгүй гэсэн үг биш бөгөөд яаралтай нүүлгэн шилжүүлэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу