MEC судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн арванхоёрдугаар сарын дүн гарчээ. Уг судалгааг арванхоёрдугаар сарын 12-ноос 17-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар 980 хүнтэй утсаар холбогдож авсан байна.

Иргэдийн улстөрч бүрд өгсөн үнэлгээг хүргэе.

Есдүгээр сараас хойш Ерөнхийлөгчийн рейтинг буурсаар байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ өмнөх сараас 0,2 оноогоор буурчээ. Том зургаар харвал, есдүгээр сараас хойш түүний рейтинг унасаар байна. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард түүний үйл ажиллагаанд 6.2 оноо өгч байсан бол буурсаар, арванхоёрдугаар сард 5.6 болжээ. Харин өмнөх сард Ерөнхийлөгч 5.8 оноо авсан юм. 

УИХ-ын рейтинг унасаар…

УИХ-ын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ мөн л буурчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сард 2.6 оноотой байсан бол арванхоёрдугаар сард 2.4 болсон байна. Мөн УИХ наймдугаар сард 3.1 оноо авсан. Түүнээс хойш оноо нь буурсаар буй. Ийн рейтинг нь буурч буй шалтгааны дунд “ногоон” автобусны асуудал нэмэгджээ. 

Ерөнхий сайдын унаж байсан рейтинг нүүрсний сонсгол хийснээр эргэн сэргэж эхэллээ

Есдүгээр сараас хойш Ерөнхий сайдын рейтинг унаж байв. Тодруулбал, есдүгээр сарын судалгаагаар тэр 6.8 оноо авч байсан бол энэ тоо буурсаар арваннэгдүгээр сард 6.2 болоод байсан юм. Арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол хийснээр Ерөнхий сайдын нэр хүнд эргэн сэргэж эхэллээ. Судалгаанд оролцогчдын 21 хувь нь түүнийг нүүрсний сонсгол хийсэн учир дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

Хотын дарга Х.Нямбаатарт “шинэ хүн” гэхээс өөр сайн тодорхойлолт алга

Утаа, түгжрэлээс эхлээд олон асуудал нийслэлд бугшсаар буй тул Хотын үе үеийн дарга нар иргэдээр зэмлүүлж ирсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар ч ажлаа хүлээлгэн өгөхдөө “Энэ бол хайруулын таваг шүү. Дараагийн Хотын даргаа хайрлаж яваарай” хэмээж байв. Ийм явдал өрнөсөөр өнгөрөгч аравдугаар сарын 12-нд Х.Нямбаатар Хотын дарга болсон билээ.

Түүнийг ажлаа авсны дараа иргэдээс судалгаа авахад судалгаанд оролцогчид түүнд Д.Сумъяабазарт өгч байгаагүй өндөр үнэлгээ өгч байв. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатарыг “шинэ хүн” хэмээн тодорхойлоод, 3.5 оноо өгч байсан бол арванхоёрдугаар сард рейтинг нь буурч, 2.9 оноо авчээ. Ингэхдээ шалтгааныг нь агаарын бохирдол, нийтийн тээвэр, шатахууны хомсдол, түгжрэл хэмээн тайлбарласан байна. Харин түүнд “шинэ хүн” гэхээс өөр сайн тодорхойлолт алга.

Үйл ажиллагаа нь таалагддаг улчтөрчдийн жагсаалтын эхэнд төрийн гурван өндөрлөг орж байна

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалт яг л дээрх дүр зургаар гарч ирдэг. Энэ удаад ч мөн адил ажээ. Жагсаалтын эхэнд төрийн гурван өндөрлөг байгаа бол удаах нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байна. Түүний дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, С.Одонтуяа нар оржээ. Мөн Хотын дарга Х.Нямбаатар багтсан байна.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг УУХҮ-ийн Ж.Ганбаатар тэргүүлжээ

Арванхоёрдугаар сард УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын рейтинг 18 хувиар огцом унаж, таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн саруудад Монгол Улс түлш, шатахууны хомсдолд орж, иргэд шатахуун түгээх станцын гадна дугаарлаж байсантай үүнийг холбон тайлбарлаж болох юм. Мөн тэрбээр салбарын сайд хэрнээ эл асуудлаар  дорвитой шийдэл гаргахгүй, тодорхой хариулт өгөхгүй байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм.

МАН-ын рейтинг буурсаар буй ч сонгуулиар иргэдээс хамгийн их санал авах магадлалаа хадгалсаар байна

“Холимог тогтолцоогоор явагдах УИХ-ын сонгуульд та аль намыг сонгох вэ” гэх асуултад иргэд дээрх байдлаар хариулжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сард судалгаанд оролцогчдын 20 хувь нь МАН, 16 хувь нь АН, 12 хувь нь ХҮН, 15 хувь нь бусад нам, 37 хувь нь мэдэхгүй гэсэн байна. Өмнөх саруудтай харьцуулбал, есдүгээр сараас хойш МАН-ын рейтинг унасаар, гурван сарын хугацаанд 5 хувиар буурчээ. Гэсэн ч бусад намуудаас рейтинг өндөр байдлаа хадгалсаар байгаа юм. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу