Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас өнөөдөр (2024.01.03) мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон цагдаагийн алба хаагчид шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог байсан. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл дахин жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчилдаг байсан бол шинэ хуулиар эхний удаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг жилээр эрх хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсвэл шууд 7-30 хоног баривчлах заалтыг тусгасан. 

Согтуугаар жолоо барих үйлдлийг давтсан бол Эрүүгийн хуулиар шийтгэх заалт оруулжээ. Тодруулбал, нэгээс гурван жил жолоодох эрхийг хасаж, 2.7 саяас 14 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ялаар шийтгэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. 

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэрийн хэрэгсэл жолоодож, хүний амь хохироосон тохиолдолд эрх хасах ялын доод хэмжээ гурван жилээр, дээд хэмжээ дөрвөн жилээр нэмэгджээ. Улмаар 8-12 жил эрх хасаж, хорих ялын хэмжээ 2-8 жил хугацаатай болж байна. 

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өөр нэг заалт бол торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх тухай тусгагдаж, хэрэгжиж эхэлжээ. Хүндрүүлэхтэй холбоотойгоор хугацаа хэтрүүлбэл 50 хувиар нэмэгдүүлэх тухай, мөн биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажилд хийлгэхээр тус тус заажээ. 

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд төрөөс авах үйлчилгээг тодорхой хэмжээгээр хязгаарлах зохицуулалт мөн үйлчилж эхэлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн эзэмших эрх шилжүүлэх, жолоодох эрх авах, ангилал нэмэх, нөхөн авах эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, торгуулиа заавал төлнө, төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ хэмээн чангаруулжээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу