Японы баруун хэсэгт хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 57 хүн амиа алдаж, олон мянган барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, завь эвдэрсэн байна. Албаны хүмүүс өнгөрсөн Мягмар гарагт дахин газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулсан талаар “The Japan today” мэдээлжээ.

7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нэг өдрийн дараа Ишикава муж болон ойр орчмын газруудад газар хөдлөлт үргэлжилсээр байгаа аж. Үлэмж хэмжээний хохирол учирсан нь тодорхой бөгөөд одоогоор хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж буйгаар, олон арван мянган байшин барилга нурсан байна. Зарим газарт ус, цахилгаан, гар утасны үйлчилгээ тасарсан хэвээр, оршин суугчид цаашид хэрхэхийг мэдэхгүй тул харамсаж буйгаа илэрхийлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Сузу хотод газар хөдөлсний улмаас амиа алдагсдын тоо 24 болсон бол ойролцоох Важима хотод 24 хүн нас баржээ. Хохирогчдын тоо аажмаар өссөөр байгаа бөгөөд холбогдох албаныхан олон нийтэд шуурхай сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа аж.

Токиогийн их сургуулийн гамшгийн чиглэлээр мэргэшсэн профессор Тошитака Катада “Сүүлийн жилүүдэд тус газарт олон газар хөдлөлт болсон тул хүмүүс харьцангуй бэлтгэлтэй байсан. Тэднийг нүүлгэн шилжүүлэх, яаралтай тусламжийн хэрэгслийн нөөц байсан. Дэлхий дээр япончууд шиг гамшигт бэлэн хүмүүс байхгүй байх аа” гэж “Associated Press” агентлагт ярьжээ.

“NHK” телевиз нэг цагийн өмнө “Ишикава мужид аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 62 хүн нас барсан нь тогтоогдож, хэдэн арван мянган айл өрх цахилгаангүй хэвээр байна. Олон хүн нурсан байшингийн доор дарагдсан байх магадлалтай. Энэ долоо хоногт мөн адил хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг албаныхан анхааруулж байна.

Ишикава мужийн Важима хотын албаныхны мэдээлснээр 25 байшин нуржээ. Гал сөнөөгчид тасралтгүй ажиллаж, нурсан барилгаас хүмүүсийг аварсаар байгаа аж. Мөн газар хөдлөлтөөс үүдэлтэй галын улмаас Важима хотод 200 орчим байшин барилга шатсан байна” гэж мэдээлэв.

Эх сурвалж: THE JAPAN TODAY, NHK
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу