Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.01.03) болж, хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнг чөлөөлж, түүний оронд Үндэсний Геологи судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Б.Уянгыг томилсон байна.

Мөн Соёлын дэд сайд М.Батбаярыг чөлөөлж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилжээ. Түүний оронд “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилсон байна. 

Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Геологийн чиглэлээр байгалийн ухааны Докторын зэрэг хамгаалсан. 2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирж суурьшсан салбарын мэргэжилтэн юм.

Тэрбээр геологи, уул уурхайн чиглэлээр судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж байсан туршлагатай. Мөн геологийн суурь судалгааны ажлаа олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн.

Доктор Б.Уянга 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд Дэд Дарга, Ерөнхий геологичоор, мөн Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд Геологийн бодлогын газрын дарга, Сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Харин П.Баттөр нь хуульч мэргэжилтэй хүн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу