Палестины ХАМАС бүлэглэл Бейрутын захын дүүрэгт өөрсдийн удирдагч Салех аль-Арурийн амиа алдсан хэргийн дараа Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар Израильтай хийж буй хэлэлцээгээ зогсоож байгаагаа зарлав. Энэ талаар “Al Arabiya” телевиз мэдээлжээ.

Тус телевизийн мэдээлснээр, ХАМАС-ын Улс төрийн товчооны дарга Исмаил Хание аль-Аруриг хөнөөснийг “террорист үйлдэл” гэж тодорхойлоод, Ливаны тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Израилийн палестинчуудын эсрэг дайсагнасан үйлдлийг гааруулж байна гэж мэдэгдсэн аж.

ХАМАС бүлэглэл өмнө нь Израилийн нисгэгчгүй онгоц Дахия хот руу довтолсны улмаас аль-Арури амиа алдсан болохыг албан ёсоор баталжээ. Аль-Аруритай хамт ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүр болох Иззаддин аль-Кассамын бригадын хоёр командлагч амиа алдсан байна.

ХАМАС зэвсэгт бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг гэгддэг Аль-Арури 2017 онд тус бүлэглэлийн Улс төрийн товчооны орлогч даргаар сонгогдож, саяхныг хүртэл радикал хөдөлгөөний “хоёрдугаар” хүнд тооцогддог байжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху аравдугаар сарын 7-нд ХАМАС болон Израилийн хоорондох мөргөлдөөн хурцдахаас өмнө түүнийг “цааш харуулна” гэж сүрдүүлж байсан аж.

Эх сурвалж: AL ARABIYA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу