Нийслэлийн цэргийн штаб болон холбогдох албаныхан өнөөдөр (2024.01.04) нийслэлийн хэмжээнд өчигдөр эхэлсэн цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Цэргийн тоо бүртгэлийг тогтмол явуулах нь Монгол Улсын батлан хамгаалах үйл ажиллагаанд олон төрлийн давуу талтай тухай Нийслэлийн цэргийн штабаас мэдээлээд, цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар танилцууллаа. 

Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 19-ний өдөр хүртэл явуулах аж. Үүнд 65 хүртэлх насны бэлтгэл офицер, 18-50 насны Монгол Улсын иргэд хамрагдана. Бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны байран дээр ажлын өдөр 8-18 цаг, амралтын өдрүүдэд 9-16 цагийн хооронд явуулах юм байна.

Бүртгүүлэхээр ирэхдээ анхаарах зүйл нь иргэний үнэмлэх, цэргийн үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх зэрэг байна. Мөн и-монголиа цахим платформоор бүртгүүлэх боломжтой. И-Монголиа платформ гурав дахь жилдээ цэргийн бүртгэлийг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн цаг завыг хөнгөлөх ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Бүртгүүлэхдээ үйлчилгээний хүсэлт илгээж, илгээсэн төлөвт орсноор цэргийн штабт мэдээлэл очно. Цэргийн штабаас хариу өгсөн тохиолдолд зөвшөөрсөн төлөвт ордог байна. Мөн цэргийн үнэмлэхийн зургаа хавсаргах ба зааврын дагуу бүртгүүлэхэд ердөө 10-15 минут шаардлагатай. 

Зарим тохиолдолд мэдээлэл дутуу байх, буруу хавсралтаас хамаарч алдаа заах тохиолдол байдаг. Энэ үед хариу мэдээлэл ирэхийг хүлээж, дахин оролдсоноор дахин бүртгүүлж болох талаар зөвлөлөө. 

Мөн иргэний үүргээ биелүүлэн, бүртгэлээ хийлгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15-р зүйлийн 2 дахь заалтын дагуу 100 нэгжээр торгох зохицуулалттайг анхааруулав.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу