УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.01.04)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2024 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, сошиал медиа. Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байна. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг гэсэн. Энэ хаягууд жирийн үед ч улстөрчдийг “гөвж” байдаг. Сонгууль дөхөөд ирэхээр бүр ч идэвхжинэ. 

Сонгуулийн үеэр хүнийг гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хаягуудыг илрүүлэх техникийн болон эрхзүйн боломж бий юу? Бид энэ чиглэлээр хууль гаргасан. Харамсалтай нь, тэр хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Энэ хаягууд сонгуульд маш сөргөөр нөлөөлнө шүү. Зарим нь бүр эхэлчихсэн байна. Хүний цус хүртэл шинжлээд явж байна. Хүнийг удам судар, ах дүүгээр нь доромжилдог. Ийм балиар зүйлийг зогсоох хэрэгтэй.  

Хоёрдугаарт, хиймэл оюун ухаантай холбоотой асуудал байна. Хиймэл оюун ухаан ашиглаж, сошиал медиагаар дамжуулаад, хүний үйлдээгүйг үйлдсэн болгож харуулдаг, хэлж яриагүйг дуурайж ярьсан болгодог. Ийм зүйлийг илрүүлэх, хариуцлага тооцох боломж байна уу?

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд: Таны хэлдэг үнэн. Монгол Улс сошиал медиа хэрэглээгээр Азидаа тэргүүн байранд явж байгаа. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Би томилогдсоноосоо хойш Кибер гэмт хэрэгтэй тэмцэх 40 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 80 хүнтэй газар болгосон.

Техник хэрэгсэл, хүн хүч алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлууд хийж байна. Техник хэрэгслийн тухайд, боломж дутмаг байна. Ямартай ч бид 2023 оны жилийн эцэст хуурамч хаяг үүсгэж, бусдын нэр хүндэд халдах, хуурамч мэдээлэл тараах хэргийг 50.3 хувьтай илрүүлсэн.

Эрхзүйн хувьд бид боломж байна гэж үзэж байна. Харилцаа холбооны зохицуулах хуульд интернэт үйлчилгээ үзүүлж буй ААН-үүдийн оруулж ирж байгаа сүлжээнд зохих хэмжээний үнийн дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл тавиад, хуурамч хаягийг тодорхойлоод өгсөн тохиолдолд Монгол Улсад интернэт орчинд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн хаах боломжтой. 

Хиймэл оюун ухааны тухайд, үүнийг бид судалж үзсэн. Эрхзүйн хувьд ч, техникийн хувьд ч илрүүлэх боломжтой гэж үзэж байна.

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу