Японы агаарын тээврийн “Japan Airlines” компани Токиогийн “Ханеда” нисэх онгоцны буудалд болсон ослын улмаас “JAL” онгоцны бүх зорчигчийг 18 минутын дотор хэрхэн аюулгүй буулгаж, нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлжээ.

Агаарын тээврийн компанийн удирдлагын мэдээлснээр, 516 дугаартай нислэгийн онгоц өнгөрсөн Мягмар гарагт Хоккайдогийн нисэх онгоцны буудлаас 379 зорчигчтой 17:47 цагийн орчимд “С” зурваст газардахдаа эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, улмаар шатаж эхэлсэн байна.

“JAL” нисэх онгоц хөөрөх зурвасын дагуу нэг километр орчим гулсаж байж зогсчээ. Албаныхны хэлснээр, нисгэгчид гал гарсныг мэдээгүй бөгөөд тэдэнд онгоцны ахлах үйлчлэгч “Онгоц шатаж байна” гэж мэдэгдсэн байна.

Онгоцны бүхээгт утаа тархаж, үйлчлэгч нар зорчигчдыг тайван байхыг уриалжээ. Улмаар онгоцны урд талын хоёр гарцаар зорчигчдыг буулган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

“JAL” онгоцны гурван нисгэгч жижиг онгоц ойртон ирж буй болон буухыг хориглосон талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй талаараа мэдэгджээ.

Онгоцны үйлчлэгч нар самбаачлан, хаалгыг онгойлгоод, зорчигчдыг хийлдэг яндангаар цардмал зам руу гулсуулсан аж. Онгоцны ахмадыг хамгийн сүүлд буюу 18:05 цагт буулган, нүүлгэн шилжүүлсэн байна.

Японы Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл хоёр онгоц юуны учир хоёул нэг зурваст байсан болон мөргөлдсөн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Эргийн хамгаалалтын онгоц өмнөх өдөр нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн Ното хотод тусламжийн ачаа хүргэхээр хөөрөх зурваст нисэхэд бэлэн хүлээж байжээ.

Японы Иргэний нисэхийн товчооны дарга Шигенори Хираокагийн хэлснээр, зорчигч тээврийн онгоц эргийн хамгаалалтын онгоц хөөрөхөөр бэлтгэж байсан “С” зурваст газардах үед мөргөлдсөн байна.

“Japan Airlines” компанийн нисгэгч асан, нисэхийн мэргэжилтэн Хироюки Кобаяши “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө “Нисгэгчдийн аль нэг нь зурваст хүрэх зааврыг буруу сонссон байж болзошгүй” гэж ярьжээ.

Эх сурвалж: NHK
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу