Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль энэ сарын 1-нээс (2024.01.01) хэрэгжиж эхэлсэн. 

Энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд оногдуулах торгууль болон ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн. Тодруулбал, шинэ хуулиар эхний удаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг жилээр эрх хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсвэл шууд 7-30 хоног баривчлах заалтыг тусгасан. 

Согтуугаар жолоо барих үйлдлийг давтсан бол Эрүүгийн хуулиар шийтгэх заалт оруулжээ. Үүнд нэгээс гурван жил жолоодох эрхийг хасаж, 2.7 саяас 14 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ялаар шийтгэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. 

Энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд оногдуулах торгууль болон ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

Иргэн н.Дандий-Ядам: Хууль чанга байх хэрэгтэй. Цаг үеэ дагасан зөв шийдвэр гэж бодож байна. Хэрэг хийсэн хүмүүс нь гэмээ мэдэрдэг байх ёстой. Нэг журам тогтоочихоод, олон жил байгаад байдаг. Тэр нь сүүлдээ хүмүүст хүрэхээ байчихсан. Тэр байдалтайгаа эвлэрээд байж болохгүй. Цаг үедээ гүйцэгдээд байсан гэж боддог. Шинэ, боломжит хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иргэн н.Анхбаяр: Зөв шийдвэр гэж үзэж байна. Согтуугаар жолоо барих нь аваар осол гаргаж, хүний амь насанд хүрэх хэмжээний аюултай хэрэг. Хоёр дахь удаагаа согтуугаар жолоодож яваад баригдвал торгуулийн хэмжээ л жаахан өндөр санагдаж байна. Бусдаар бол хорих нь зөв. Үүрэг хариуцлагагүй үйлдэл гаргасан бол шийтгэлээ хүлээх л хэрэгтэй. Тэгж байж дэг журамтай болох байх.

Иргэн н.Болд: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эд хөрөнгө, амь насыг хохироож байгаа үйлдэл хамгийн буруу. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт бол зөв зүйл. Торгуулийг 15 хоногт төлөхгүй бол 50 хувиар нэмэгдэнэ гэдэг ч зөв. Би жолооны багшаар ажилладаг. Дүрэм зөрчиж яваа хөөрүү, онгироо хүмүүс маш их байна.

Тэр бүгдэд хараа хяналт тавьж, журамтай байлгаснаар осол аваарын тоо буурна. Дайрчих шахаад л өнгөрдөг хүмүүс олон. Эхний удаад согтуу баригдчихаад, дараа нь хоёр дахь удаагаа баригдана гэдэг чинь хариуцлагагүй л байна гэсэн үг. Тиймээс торгууль шийтгэл чанга байх нь зүйтэй.

Иргэн н.Энхтайван: Би бол хувьдаа дэмжихгүй байна. Эхний удаагийнх 7-30 хоног баривчлах бол зүгээр. Ухамсар суулгах, ойлгуулах хугацаа байх. Дараагийн нэг заалт нь 2.7 саяас 14 сая төгрөг хүртэлх хэмжээгээр торгоно, 3-6 жилийн ялтай гэж байсан. Тэрийг бол дэмжихгүй байгаа. Хүнийг хоёр дахин яллаж байна гэж бодож байна.

Иргэн н.Төрбат: Дажгүй сайн шийдвэр гарчихлаа гэж бодож байна. Чанга хатуу байхдаа ч зүгээр. Зарим хүнд мөнгөн дүн нь хүндээр тусч магадгүй. Гэхдээ дүрэм журамгүй, дэл сул байдалтай байгаад байж болохгүй. Хэдэн төгрөг өгөөд, үнэмлэх авчихдаг, согтуу хөлчүүгээр явдаг нууц замтай болчихсон. Удаа дараа тэгж явдаг хүмүүстэй ч таарч л байлаа. 

Шийдвэр зарим айл өрхөд хүндээр тусч болох талтай. Эхлээд хүндээ чиглэсэн арга хэмжээ авчихаад, дараа нь айхтар хуулийн заалтуудаа хэрэгжүүлбэл уг нь зөв байх. Хорих ял шийтгэл тусгагдсан байгаа нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон шийтгэл байж чадвал болж байна. Бас цаагуураа хэн нэгэн хэлмэгдэх асуудал ч байж бас болох юм.

Дээрх сэдвээр байр сууриа илэрхийлэхээс татгалзсан цөөнгүй иргэн таарсан бөгөөд тэд бүгд уг хуулийн заалтыг сайшааж байв. Нэг ёсондоо ард иргэд эмх замбараагүй байдлыг эцэслэхийг дэмжиж байна. Харин хууль сахиулах түлшинд хэрэгжихдээ хэр нүдээ олж, бодит байдалд нийцэхийг үр дүнгээс нь харахаас өөр аргагүй юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу