НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилж буйгаа мэдээлжээ.

Тус байгууллагын цахим хуудаст “Хошууч генерал Б.Эрдэнэбат Монгол Улсын Агаарын цэргийн штабын дарга (2020-2023), Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицер (2017-2018), Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргын (2014-2017) албыг тус тус хашиж байсан.

Мөн Ирак, Сьерра-Леон, Косово, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Хойд Атлантын эвслийн байгууллагын энхийг сахиулах, энхийг дэмжих найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай.

Тэрбээр НҮБ-ын Либери дэх Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-ны бүсийн командлагчаар (2010-2011), НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны батальоны командлагчаар (2013-2014), НҮБ-ын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагааны Өмнөд секторын штабын даргаар (2018-2019), мөн ажиллагааны Жуба секторын командлагчаар (2021-2022) тус тус ажиллаж байв.

Хошууч генерал Б.Эрдэнэбат Улаанбаатар хотод Батлан ​​хамгаалахын үндэсний их сургуульд явган цэргийн офицер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллеж, АНУ-ын хуурай замын дайны коллежийг тус тус төгссөн, англи хэлээр чөлөөтэй ярьдаг” гэжээ.

Эх сурвалж: UN.ORG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу