Өнгөрөгч 2023 онд улсын хэмжээнд ашигласан ус болон хөрсний ус шавхаж барилга барьж буй компаниудын талаар өнөөдөр (2024.01.04) Усны газраас мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр “2023 оны ус ашиглалтын дүн урьдчилсан байдлаар гарлаа. Та бүхэнд материал тараасан. Өнгөрсөн жилийн ус ашиглалтын дүнг аваад үзэх юм бол 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглажээ. Энэ нь урьдчилсан тоо учир дээшээ, доошоо 10 орчим саяар хэлбэлзэж магадгүй. Эцсийн дүн ирэх гуравдугаар сард гарна. Энэ тоо дангаараа юу ч илэрхийлэхгүй. 2022 оны усны хэрэглээ 606 сая метр куб байсан бол энэ жил 40 гаруй саяар нэмэгдсэн байна. Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотыг усаар хангахын тулд жилдээ 48 сая метр куб ус хэрэглэдэг. Тэгэхээр манай улсын усны хэрэглээ жилийн дотор Улаанбаатар хотын жилийн хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээнд өссөн байна.

Ингэж өссөн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, бидний усны хэрэглээ яалт ч үгүй нэмэгдсэн байна. Хоёрдугаарт, өмнө нь тооцдоггүй байсан ус ашиглалт, хэрэглээг 2023 онд илрүүлсэн юм” хэмээн хэллээ.

Түүний хэлж байгаагаар, ус ашиглалт тооцдоггүй байсан газар нь “Хурд пропертис” ХХК болон  “Рийверстөүн” ХХК-ийн Цаг Уур орчны Орчны Шинжилгээний газрын уулзварт буюу хуучин Худалдаа Хөгжлийн банк байсан барилгыг нураан барьж буй барилга ажээ.

Тэнд 2022 оны наймдугаар сараас хойш шалгалтын ажиллагаа явуулахад тус газарт барилга барихын тулд хөрсний усыг шавхан зайлуулж байсан аж. Ийм маягаар 2022-2023 оны турш үйл ажиллагаа явуулжээ. Зөрчил илэрснээс хойш тус компаниудад удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж авахгүй өдийг хүрсэн байна.

Энэ талаар үргэлжлүүлэн тэрбээр “Өмнө нь ус ашиглалтаа тооцуулж, төлбөр төлдөггүй байсан нэг том усны хэрэглээг илрүүлсэн. Тодруулбал, “Хурд пропертис”, “Рийверстөүн” гэх хоёр компани  барилга барихын тулд усыг шавхан зайлуулж байна. Зөрчил илэрсэн даруйд бид эл газарт удаа дараа очиж ажилласан боловч ямар ч мэдээлэл өгөөгүй. Тиймээс хэрэг үүсгэхээр прокурорын байгууллагад хандсан. Гэсэн ч одоог хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Анх 2017 оны тавдугаар сард 28 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар гаргажээ. Ингээд 2023 оны зургаадугаар сарын 19-нд Геодез, зураг зүйн газартай гурван сарын гэрээ байгуулаад, 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглахаар тохиролцсон байна.  Өөрөөр хэлбэл компани хоёр жил ус шавхсан хэрнээ гурван сарын хугацаанд ус зайлуулсан мэт гэрээ байгуулжээ.

Энэ компани нийт долоон насосоор ус зайлуулж байгаа гэжээ. Гэтэл биднийг очиход 22 насосоор ус зайлуулсан байсан. Компанийн төлөөллүүд Усны газарт яаралтай ирж нэг насостой эсхүл 100 насостой юу гэдгээ зураг, баримт харуулж, тайлбарлахгүй бол усны нөөцөд хохирол учруулсан аргачлалын дагуу тооцно.

Өөрөөр хэлбэл, 22 насос секундэд 4 литр ус шавхана гэсэн үг. Хоёр жил, 720 гаруй хоногийн хугацаанд тасралтгүй ажилласан гэж үзвэл 5.7 сая метр куб усыг энэ байгууллага зайлуулсан байна.

Хүүхдийг шүдээ угаахдаа усаа хэмнэ, машин угаалгын газрыг бохир ус ашигла гээд байдаг. Гэтэл нэг компани 20 давхар барилга барихын тулд Монгол Улсын хэмжээнд 3-4 хоног хэрэглэх усыг ашиглаж байна.

Хэрэв энэ компани хуулийн дагуу манай газраар дүгнэлт гаргаад явсан бол усны төлбөрт 5 тэрбум төгрөг төлөхөөр байжээ. Гэтэл бичиг баримт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй ус ашигласан учраас бид хохирол тооцох үндэслэл үүссэн. Энэ үндэслэлээр бол 146 тэрбум төгрөгийн хохирол тооцогдохоор байна. Хэрэв энэ байгууллага ус ашигласан талаараа баталгаа гаргаж, 22 биш 7 насостой гэдгээ баталбал хохирлын хэмжээ нь багасах боломжтой.

22 насос гэдгийг 22 худаг байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг барилга барихын тулд 22 насосоор газрын дор байгаа усыг ашиглаад байж болохгүй” гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

     

А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу