Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг түр хязгаарлаж буй талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-иас мэдэгдсэн билээ. 

Тодруулбал, тус компаниас “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдэл ирүүлсэн. Иймд оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байна” хэмээсэн юм. Уг асуудалтай холбогдуулан бид оюутнуудын байр суурийг сонслоо. 

Сануулахад, оюутнууд нийтийн тээврээр сард 22 удаа үнэгүй зорчдог байсныг өнгөрөгч есдүгээр сард 44 болгоод байсан юм. 

ОЮУТНУУД: Хичээл амраагүй байхад ийм шийдвэр гаргасан нь гэнэтийн байлаа. Автобусаар сард 44 удаа үнэгүй зорчих эрх амьдралд үнэхээр дэмтэй байсан юм 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС)-ийн оюутан н.Минжүүр:

-Оюутнуудын ганц унаа нийтийн тээвэр шүү дээ. Их сургуулиудын улирлын амралт эхлээгүй байхад автобусны картыг нь хаачихлаа. Үнэхээр төвөгтэй байна. Цаашдаа аргагүйн эрхэнд хүүхдийн картаар зорчино.

Монгол Улсын их сургуулийн (МУИС)-ийн оюутан н.Төгөлдөр:

-Оюутны автобусны хөнгөлөлттэй зорчих эрхийг зогсоосон нь хувиа хичээсэн мэт санагдаж байна. Дийлэнх их сургуулиудын өвлийн амралт эхэлсэн ч амраагүй сургуулиуд бий. Тиймээс ийм шийдвэр гаргах нь буруу.

АШУҮИС-ийн оюутан н.Энххүслэн: 

Манай сургууль амраагүй байгаа болохоор энэ шийдвэр нь үнэхээр гэнэтийн байлаа. Өнөөдөр автобусанд суугаад оюутныхаа картыг уншуултал “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн. Би бүр “шок”-нд орсон. Дөнгөж нэгдүгээр сар гарч байхад юу вэ гээд гайхаж байлаа. Гэтэл зорчих эрхийг хүчингүй болгосон гэх мэдэгдэл уншиж, үнэхээр урам хугарсан.

Манай сургуулийн хичээлийн байрууд хоорондоо зайтай. Бас гэр маань хол учир өдөрт хоёроос гурван удаа автобусаар дамжих шаардлага гардаг. Тиймээс 22 удаа зорчих эрхтэй байсныг 44 болгоход нь хичнээн их баярласан гэж санана. Уг нь амьдралд үнэхээр дэмтэй байсан.

Оюутан н.Буянжаргал:

-Оюутнууд хичээл ихтэй, шахуу цагийн хуваарьтай байдаг. Өөрийн гэсэн унаагүй, таксидах мөнгөгүй болохоор өвлийн хүйтэнд автобусаар зорчихоос өөр аргагүй. Оюутнуудаасаа хүртэл 500 төгрөг хороогоод, хохироож байна.

Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг яагаад зогсоосон талаар Нийтийн тээврийн газраас тодруулахад “Эцсийн шийдвэр гараагүй байгаа учир урьдчилж ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ. 

А.НОМИН-ЭРДЭНЭ
О.ОЮУНДАРЬ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу