УИХ-ын чуулганы өчигдрийн (2024.01.05) нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэмээн хэлсэн билээ. 

Тодруулбал тэрбээр,  “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг асуудал хариуцсан сайд нь задруулаад байна. Тэр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж хэлсэн. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Ямар эх сурвалжаас ийм мэдээлэл авснаа олон нийтэд нээлттэй зарлахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас шаардаж байна. Хууль, шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахгүй байх гэдэг хууль байдаг юм бол 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч гэдгийг Б.Энхбаяр хаанаас олсон юм бэ. Б.Энхбаяр сайд Ерөнхий сайдын шударга ёсны илд байна гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр шударга ёсыг нухчин дардаг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг, чөтгөр боллоо” гэсэн юм.

Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу өгчээ. Тэрбээр “Ш.Адьшаа гишүүний үгэнд тайлбар хийх гэсэн чинь болдоггүй. Дуугүй хаячихъя гэхээр бас болдоггүй. Ер нь бол хэлсэн үгийг нь би ерөөсөө ойлгоогүй. Батлагдчихсан хуулийг хэлэлцэж байгаа төсөл гэж нэг яриад, миний огт яриагүй зүйлийг намайг ярьсан гэж нэг яриад л, юу юу ч хамж шимээд ярьчихсан юм бэ дээ” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу