“Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэн өнгөрөгч арванхоёрдугаар сард санхүүгийн хямралд орж, хаалгаа барьсан билээ. Тэд зарим амьтдаа сайн хүнд үрчүүлж, бусад зүйлсийг худалдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байв.

Тус амьтны хүрээлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд буюу Хүүхдийн паркад үйл ажиллагаагаа дахин явуулахаар болжээ.

Тодруулбал, тус байгууллагын цахим хуудаст “Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэж юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгахад таатай байна. Маргаашнаас буюу 2024 оны нэгдүгээр сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана” хэмээн бичсэн байна. 

Амьтны хүрээлэнг хүүхэд, том хүн аль аль нь 8,000 төгрөгөөр үзэх боломжтой аж.

Сануулахад, “Ulaanbaatar ZOO and Aquarium” нь 2017 оноос хойш 40 гаруй төрлийн амьтан 160 гаруй төрлийн загас оруулж ирэн, цэвэр цэмцгэр, тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллаж байв. Гэвч цар тахлаас хойш орлогоо давсан зардалтайгаар олон сар явсан учир ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, ашиглалтын зардлаа төлөх боломжгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.

О.ОЮУНДАРЬ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу