Дөнгөж амаржсан эх, нярайг нөмгөн хувцастай эмнэлэг хооронд шилжүүлснээс болж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж байлаа. Эх нярайд ингэж хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг тэр өөрөөрөө үлгэрлэж харуулсан.

Тусгаар Монгол Улсын нийслэлийн төв зам дээр өчигдөр таксин дотор нэгэн эмэгтэй амаржсан нь шуугиан тарьж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар харин юу бодож суугаа бол. Ёс зүйн хариуцлагын талаар бодож сууна уу, ёстой яасан ч байсан надад падгүй гээд гүрийж байна уу.

Алтан тэвшийн хөндийд автомашинууд нь чихцэлдэн түгжирч, өдрийн хагасыг зам дээр өнгөрүүлж, гудамжаар алхвал угаартаж уначих гээд, улстөрчдийн хулгай дээрэм нь ил цагаандаа гарч, ЗГХЭГ-ын дарга нь 404 их наядаар хэмжигдэх нүүрсний ордын хулгайд нэр холбогдож, унхиагүй албатууд нь улс гүрнийг хэрхэн улдан чангааж болдгийг харуулж байна. Үүний уршгийг ард түмэн ядуурал, өвчин зовлонгоороо төлж байна. Үүний нэг том нотолгоо нь жирэмсэн бүсгүй такси дотор амаржсан явдлаар илэрч байна.

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, татвар, нийгмийн даатгалдаа дарлуулж, цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй болсон дамраараа эргэсэн Монгол Улсад даанч удаан амьдрах боломж үнэхээр алга болов. ЖДҮ, Хөгжлийн банк, тендер, концесс, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, автобусны цавчаа, түлш шатахууны хомдсол, эрчим хүчгүй болох эрсдэл гээд тоочоод байвал тоононоосоо боож үхмээр олон бэрхшээл байна.

Улаанбаатар хот утаан дундаа дуниартаж, авто замын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оруулсан ч тусыг эс олж зам дээрээ “амьдарсаар” байгаа юм.

“Мордохын хазгай” гэдэгчлэн Түгжрэлийн сайд нь Засгийн газрынхаа саад болж эхлэв. Цагдаагийн офицероос Монголын баялгийг гадагш зөөдөг ганц том бизнесмен болж, улс төрд хөл тавьсан Б.Дэлгэрсайхан сайд нь сонгууль угтан Дорноговио “услаад”, Улаанбаатарын асуудалд огт санаа зовохгүй байна. Түгжрэлийг бууруулахын тулд ямар нэгэн гарц шийдэл ч хайж байгаа юм алга. Улаанбаатарт утаа, түгжрэлээс гадна авто замын арчилгаа, цэвэрлэгээ гэж үнэндээ алга.

Тулгар эх таксинд амаржсаныг “Эвий, хөөрхий минь” гэж өхөөрдөх хүмүүс олон байгаа харагдав. Энэ нь яавч хөөрхийлж, эвийлээд байх зүйл биш. Авто замаа арчилж, мөсийг нь цэвэрлэдэг, түгжрэлээ шийдээд өгчихсөн бол тэр эх таксинд төрөх биш төрөх эмнэлгийн орон дээр эмч нарын хараа хяналт дор амаржих байлаа.

Авто замын түгжрэлээс гадна авто зам нь тэр чигээрээ мөстөж явган алхах нь бүү хэл дөрвөн дугуйтай машин элгээрээ хэвтэхэд ойрхон байна. Цасаа цэвэрлэж, давс, бодисоо цацаж чадахгүй ийм л хотод бид амьдарсаар. Хотын дарга болохдоо хэлж байсан Х.Нямбаатарын гоё ганган үгс, сүүлийн үед сонсогдохоо байв. Бодит амьдралтайгаа нүүр тулж эхэлснээс хойш тэр нийгэмд ил гарах нь ч багаслаа. Ард түмэн нь давс, шороогоо зам дээр цацаач гэхээр “Хот өвлийн замтай болно” гэж хоосон лоозогносон хогийн юм яриад суудаг орлогчийн хэрэг байдаг ч юм уу.

Тулгар эх хотын чинь мөсөн зам дээр амаржчихлаа, Хотын дарга Х.Нямбаатар та юу бодож байна. Ёс зүйтэй, хүн чанартайгаараа У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас өөрөө огцорч байсан юм шүү дээ. Ёс зүйн хариуцлага, хүн чанарын дэргэд Ерөнхий сайдын сэнтий дэндүү жижиг байсан юм даа…

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу