Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.01.08) мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн даатгалд суутгагддаг. Үүний хоёр хувийг нь мөнгөжүүлж, нэрийн дансанд хийх ажээ. Мөн тэтгэвэр 100 хувь өвлөгдөхгүй, хориос дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн нэг нь нас барвал авдаг байсан тэтгэврийнх нь 20 хувийг нөгөөгийнх нь тэтгэвэр дээр нэмж олгох аж. 

Энэ талаар ХНХ-ын сайд Х.БулгантуяаНийгмийн даатгалын шимтгэлийн хамгийн том хэсэг нь тэтгэврийн шимтгэл байдаг. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлнэ. Улмаар үүнийг нь ипотек, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд ашигладаг болох боломжийг хуулиар нээж байна. Өөрөөр хэлбэл, НДШ-ийн 17 хувийг нь тэтгэвэрт гаргадаг. Үүнээс хоёр хувийг нь олгохгүйгээр мөнгөжүүлээд, нэрийн дансанд байршуулна гэсэн үг.

20 жил НДШ төлчхөөд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байсаар тэтгэвэрт гарч буй хүмүүс олон бий. Зарим хүн НДШ төлөх нь Солонгосын визэнд ороход л хэрэгтэй юм шиг байна гэж ярьж байна. Тиймээс хуулиар НДШ төлж байгаа хүний нэрийн данстай болж, түүнийгээ ашиглах боломжийг бүрдүүллээ.

Мөн шимтгэл төлөгч  тэтгэврийн насанд хүрэхээс өмнө нас барвал гэр бүлийнх нь гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаас гадна мөнгөжүүлсэн тэтгэмжийг нь өвлөж авах боломжтой. 

2024 он гэхэд улсын хэмжээнд НДШ төлж буй 1.3 сая хүмүүсийн шимтгэлийн хоёр хувийг мөнгөжүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг шаардагдахаар байна. 2023 оны НДШ-д тулгуурлан тооцож үзэхэд жилд дунджаар 300 орчим мянган төгрөг мөнгөжиж, тухайн хүний нэр дээр хадгалагдах юм билээ” хэмээн хэллээ. 

Харин тэтгэвэр өвлөгдөх тухайд “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болоход нөгөө хүнийхээ тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр дээрээ нэмж авдаг болно. 100 хувь өвлөгдөнө гэсэн үг биш. Жишээ нь, иргэн 680 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байхдаа нас барвал 680 мянгын 20 хувь буюу 136 мянган төгрөгийг гэр бүлийн хүн нь өөрийн тэтгэвэр дээрээ нэмүүлж авна гэсэн үг.

Бид хуулийг анх өргөн барихдаа 10 жил хамт амьдарсан байх ёстой гэж үзэж байсан. Гэтэл хэт богино байвал буруугаар ашиглагдах эрсдэлтэй юм билээ. Тиймээс УИХ-ын гишүүдээс санал гарч, 20 хувь болгосон.

Монголчууд дунджаар 25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.  Эмэгтэй хүн дунджаар 22 жил, эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авч байна. Монгол хүний дундаж наслалт жил болгон гурван сараар нэмэгдэж байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу