Оны өмнөх өдрүүдэд Сибирийн хүйтэн агаарын урсгал манай орныг дайран өнгөрч нэлээд сандаргасан. Орон нутагт машин унаа явах боломжгүй болж, хур тунадасны хэмжээ ч нэмэгдэж, цөөнгүй хүний эрдэнэт амийг авч одсон.

Эдгээр өдрүүдэд нийслэлийн зам талбайн халтиргаа гулгаа ихсэж, хаа сайгүй гэмтэл бэртэл, осол аваар гарч байлаа. Хотын удирдлага “Хүйтний хэм нэмэгдсэн учир давс хайлахгүй байна”, “Ажиллаад л байна шүү дээ” гэх мэтээр хариулж байлаа.  

Өдгөө хасах 20 гаруй хэмтэй өдрүүд үргэлжилж байхад давс бодис хангалттай хайлмаар л санагдах юм. Гэхдээ өглөө, оройдоо авто зам гялайж гялтайсан мөсөн талбай шиг л байгааг хэн хүнгүй хэлж байна.

2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээ хийж байгааг нийслэлээс мэдээлсэн.  Мөн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байгаа аж.

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн.

2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа. Мэдээж албаны мэдээ тайлан дээр тоо хэмжээ хэлэх нь зүй. Гэтэл байрнаасаа гараад бүгд халтирч, тархиараа савах нь холгүй “бэмбэгэнэж” байна шүү дээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар хэлэхдээ “Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байна. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан.

Одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын талаар нээлттэй мэдээлнэ” гэлээ.

Халтиргаа гулгааны асуудлын хариуцлага дүүргүүдэд очлоо. Шинэхэн зохицуулалт хийсэн болоод ч тэр үү ажил үүргийн хуваарилалт хийх гэж мунгинаж байгаа бололтой. Одоогоор энд тэнд давс цацаж, зам түрж байгаа машин лав харагдахгүй байна.

Мөн оны өмнө мөс цасны алинтай нь ч мухар хүрзээ бариад тэмцэж байдаг ТҮК-ийн ажилтнууд ажил хаялт зарласан. Одоо ч үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын шийдвэрийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн ч тэднийг тоогоогүй юм. Тэд “Хот тохижилтын газар 800-гаад ажилчинтай байсныг цомхотгож, 400 болсон. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газрын 80-аад хувийг нь тарааж байна. Бидний хувьд яагаад дүүрэг рүү шилжихгүй гээд байна вэ гэвэл бидэнд дүүрэгт очиход ажлын байрны баталгаа өгөхгүй байна.

Цалин хангамжийг бууруулахгүй гэсэн баталгааг мөн давхар өгөхгүй байна. Дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний ажилчид сарын 850 мянган төгрөгийн цалинтай. Хэдэн төгрөгийг өр зээлдээ өгч, хэдээр нь амьдрах вэ. Өнөөдөр бид эндээс гараад, ажлын байр олдохгүйдээ биш сэтгэлтэйдээ хийдэг. Цэцэрлэгчин нь цэцэрлэгчнээ, зээтүүтэй нь зээтүүний ажлаа хийгээд явж байсан. Зүгээр ажлаа хийгээд явж байхад яагаад тушаал шийдвэр гаргаад, дүүрэг рүү шилжүүлж байгаа юм бэ гэдэг дээр удирдлагаасаа хариу хүлээж байна. Дүүрэг рүү дандаа ажилчдыг хуваарилаад, албан тушаалтнууд нь нийслэлдээ үлдэж байна. Бид дарга болъё гээгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Багаж зэвсгээр ч тааруухан ТҮК-ийнхан хөлдүүс мөсийг хамаг чадлаараа балбаж харагддагсан. Одоо харин харагдахаа ч байлаа. Өнгөрсөн даргын үед зам цэвэрлэгээний баахан машин авч ирсэн ч өнөөх нь цас мөс битгий хэл шороог нь ч олигтой шүүрдэж чадахгүй дээш хараад уначихдагийг мэднэ байх.

Нэг бүрийн үнэ нь 142.5 сая төгрөг бөгөөд жилийн өмнө “Бат сээр” ХХК 28 ширхэгийг оруулж ирж байлаа. Энэ мэтчилэн хотынхоо сайн сайхны төлөө мөнгө цохиж авсан нэлээд үйлдэл байдаг. Гэвч яг бодит байдал дээр аль нь ч мөс цасгүй болгосонгүй, аль нь ч түгжрэл бууруулсангүй. 

Шинэ хуулийн зохицуулалтаар байгууллага, аж ахуйн нэгж бүр эргэн тойрноо хариуцна. Хажууд нь хүн халтирвал хариуцлага хүлээнэ. Дүүргийн харъяалалтай зам талбай гулгаатай байвал тэдэнтэй хариуцлага тооцно. Х.Нямбаатар дарга болохоороо доод тушаалтан хүмүүсээрээ ажил хийлгэх дуртай ч юм шиг. “Нийслэл яахаараа цас мөстэй зууралдаад байж байдаг юм бэ. Дүүргүүд нь л хийнэ” гэх.

Тодруулбал, өчигдөр (2024.01.08)-ийн шуурхай зөвлөгөөнөөр “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодис цацаж, хайлмагц дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой” хэмээлээ.

Дахин өөр журам захиргаанд очсон ТҮК-ийн ажилчид маань хэзээ ажилдаа орж, хэзээ халтиргаа гулгаагүй болохыг хэн ч мэдэхгүй. Ажил, албан тушаалын хэрүүлтэй байх хойгуур иргэд нь халтиргаатай зам дээр мөргөлдөж тоглоод, хаврын сарыг хүлээх л үлдэв бололтой. Удалгүй цагаан сар ч болно. Тэр болтол тэсдэг юм үү, жолооч нар минь.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу