“Эмээгийнхээ төрсөн өдрөөр дэлхийн медальтан болж, хамгийн том бэлгээ барилаа” хэмээн баярлаж, монголчуудаа омогшуулж чадсан охин бол Л.Энхрийлэн. Тэрбээр “Дэлхийн тамирчин” гэдгээ батлан харуулж, Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин болсон билээ.
Эдгээр амжилтуудыг том бэртэл, гэмтлийн дараа богинохон хугацаанд гаргасан нь түүний хичээнгүй байдал, бэлтгэлдээ үнэнч, амжилтдаа амташдаг чанартай нь холбоотой. Олны итгэлийг алдалгүй хоёр жил дараалан ДАШТ-ий медальтан болж чадсан түүнийг Монголын ард түмэн олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж хүлээж буй.

Л.Энхрийлэнтэй Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ хүртээд удаагүй байхад нь ярилцсанаа хүргэе. 

“ДЭЛХИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР САНДАРЧ БАЙГААГҮЙГЭЭРЭЭ САНДАРСАН”

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн хэмээн дуудуулж, Монгол Улсын төрийн тэргүүнээс гавьяат тамирчин гэсэн алдар хүндтэй цол хүртсэн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу? 

-Дэлхийн дэвжээн дээр гарахдаа сандарч байгаагүйгээрээ сандарсан. Инээдтэй, хөгтэй явдал ч болсон. Дөрөв дөрвөөрөө сандал эгнүүлээд, би хойд талаасаа хоёр дахь эгнээнд суусан. Намайг дуудах мөч дөхөх тусам хэлэх үгээ бодож, улам их сандарсан. Цэргийн хүн болохоор цол тэмдэг авахдаа ёсолж, үг хэлдэг. Миний шагнал хүртэх ээлж ч ирж, Ерөнхийлөгчийн өмнө очиж ёслох гэтэл хойшоо хөл алдаад, бөөн инээдэм болсон. Цол, тэмдгээ хүртэж байх мөчид маш гайхалтай, гоё мэдрэмж төрсөн.

-Ерөнхийлөгчид хандаж урт үг хэлсэн. Юу гэж хэлсэн бол гэдэг сонирхол их татсан.  Та яг юу гэж хэлсэн бэ?

–Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч танаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэслэгч Лхагватогоогийн Энхрийлэн Монгол Улсын гавьяат цол хүртэхээр ирлээ” гэж илтгэсэн. Тэмдгээ авсныхаа дараа “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээсэн. Ерөнхийлөгч “Олимпын медальтан, олимпын аварга болоорой” гэсэн. Тэр үед би “Баярлалаа. Олимпын медальтан болно оо” гэж хэлж, инээсэн. Бид хоёрын гар барьсан агшны зургийг дарсан байсан.

“ЭРГЭЭД БАРИЛДАХАД ӨМНӨХ ӨӨРИЙГӨӨ АЛДЧИХСАН БАЙСАН”

-Хөдөлмөрлөж л байгаа бол бурхан чиний хөлсийг шагнана гэдэг шүү дээ. Өөрийн тань хувьд амьдралынхаа 12, 13 жилийг их спортод зориуллаа. Энэ хугацаанд тэмцээнд явах зардал, мөнгөнөөс авахуулаад, хоолны мөнгөгүй үе ч олон тохиосон болов уу. Өдийг хүртэл жанжин шугамаа алдахгүй байхад тань юу нөлөөлөв?

-Миний хувьд жанжин шугамаа алдахгүй явсан гэж хэлэхэд дутагдалтай. 18 нас хүрээгүй байхдаа хөлдөө маш хүнд гэмтэл авсан. 17 настайдаа Монголд зохиогдсон “Чингис Хаан Гранпри” (Chinggis Khan Grand Gprix) тэмцээнд түрүүлсэн. Энэ үед манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга сайн барилдсан болохоор “Ирээдүйтэй тамирчин” хэмээн, “Рио-2016” олимп үзүүлж байлаа. Үүнээс дөрвөн сарын дараа “Чингис Хаан Гранпри” тэмцээний шагналынхаа мөнгөөр Чиндао хот руу тэмцээнд явсан. Уг тэмцээнд барилдаж байхдаа хөлөө гэмтээсэн. Үүнээс хойш маш их тэсвэр, тэвчээр шаардсан даа. Одоо яг бэртэхээсээ өмнө барилдаж байсан шигээ барилдаж чадахгүй байгаа гэж боддог. Хөлийнхөө бэртлээс авсан ямар нэгэн айдас сэтгэхүйд суучихсан байх. Бэртэхээсээ өмнө үнэхээр гоё мэх, техник хийдэг байсан ч одоо тэрийгээ гүйцэд харуулж барилдаж чадахгүй байгаа юм шиг санагддаг.

2016 онд бэртэл аваад, залуу хүүхэд юм чинь зүгээр болох байх гэж бодоод, гурван жил эмнэлэгт үзүүлэлгүй явсан. Гэтэл миний авсан бэртэл нөхөн төлждөггүй, цагийн аясаар улам л урагдаад байдаг юм билээ. Бүр болохгүй болоод, 2019 оны наймдугаар сард өвдөгний хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш хурдан хугацаанд эргэж яаж хөл дээрээ босож барилдах вэ л гэж бодож, өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан. Миний хөл дээрээ босох эсэх нь хагалгаа 40 хувь, нөхөн сэргээх дасгал 60 хувь шалтгаална гэж эмч хэлж байв. Тийм болохоор өглөө орноосоо босоод цайгаа ч уухгүй, шууд дасгалаа хийдэг байсан.

Мөн бэртсэн үедээ мэдрэмжээ алдахгүй гэсэн үүднээс дэвжээн дээрээ ирж, дүү нартаа зааж, зөвлөдөг байлаа. Энэ бүхний эцэст бэртлээ хурдан хугацаанд эдгээж, дэлхийн хошой медальтан болсондоо маш их баяртай байна. Энэ зөвхөн миний хичээл зүтгэл биш, миний ард байдаг багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн гээд намайг үргэлж дэмжиж, тусалдаг бүх хүний хүч хөдөлмөр юм шүү гэж хэлмээр байна.

-Эмээ нь өөрийг тань барилдаад, бэртлээ сэдрээчих вий гэж санаа зовоод явуулахгүй байх тохиолдол гарч байв уу?

-Мэдээж, би анх удаа бэртэж үзсэн. Хагалгаанд орсны дараа өөрийгөө барьж дийлэхгүй, барилдах хүсэл маань оргилж байсан. Энэ үед “Хүслээ дарж, хөлөө гүйцэд эдгээж байж барилдаарай” гэж багш нар маань болон бэртэж үзсэн хүмүүс зөвлөж байсан. Өөрийгөө ч бас маш сайн барьсан, тэвчсэн. Эргээд барилдахад өмнөх өөрийгөө алдчихсан байсан. Хөлдөө бэртэл авснаас болсон ч гэх юм уу цовоо сэргэлэн, мэх, техникээсээ кайф авч барилддагаа больсон байв. Буцаад өөрийгөө олох гэж их удсан. Маш их хичээл зүтгэл шаардсан.

“ОЛОН ХҮНИЙ ИТГЭЛ, СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙЖ ЯЛАГДЧИХААД ИРЭХ ВИЙ ДЭЭ ГЭХЭЭС МАШ ИХ АЙСАН”

-2013 оны ААШТ-д явахад зардал мөнгөний асуудал тулгарсан гэдэг. Энэ үед 10 жилийн тань сургуулийн багш нар болон сурагчид хандивын аян өрнүүлж, зардлын мөнгө босгож, та тэмцээн рүүгээ явсан юм билээ. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-Би энэ тухай ярих маш их дуртай. Би Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуульд сурдаг байсан. Ангийн минь багшийг н.Пүрэвдулам гэдэг. Тэр үед Азийн аваргад явахад зардал мөнгөний асуудалтай тулгарсан талаараа багшдаа хэлэхэд “За багш нь одоохон захиралтай ороод уулзъя” гэж маш уриалгахан хүлээж авсан. Ингээд сургуулиараа миний тэмцээнд явах зардлын мөнгийг цуглуулахаар “хөдөлсөн”. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж байсан.

Анги ангиараа нэрсийнхээ ард хэдэн төгрөг өгснөө бичсэн цаас одоог хүртэл нэг хавтсанд хадгалаастай байдаг. Мөн урмын үгээ бичиж, медаль зурсан нь их сайхан санагддаг. Тэр үед юу бодогдож байсан бэ гэхээр энэ олон хүний итгэл, сэтгэлээр тэмцээнд оролцож байж ялагдчихаад ирэх вий дээ гэхээс маш их айсан. Гэхдээ итгэлийг нь дааж, финалдаад, мөнгөн медаль хүртэж, уужирсан. Энэ үед тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярладаг. Одоогийн намайг бүтээлцсэн хүмүүс.

-Жүдо таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ. Цагаан өмсгөлтнөөр өөрийгөө төсөөлж байв уу?

-Багаасаа л өвөө, эмээгийн хүүхэд байлаа. Миний багын дурсамжийг бүтээлцэж өгсөн хүмүүс бол өвөө, эмээ минь. Өвөө маань намайг их эрхлүүлдэг, буу, сэлэм, машин гэх мэт эрэгтэй хүүхдийн тоглоом авч өгдөг байсан. 2006 онд өвөө минь бурхан болж, эмээтэйгээ үлдсэн.

Ер нь багаасаа л их шазруун, бууж өгдөггүй, хичээж чадвал сайхан амьдарна гэсэн хүсэл, сэтгэл, бодолтой хүүхэд байсан. Энэ хорвоод мэндэлснийх мундаг л хүн болох ёстой гэж боддог байв. Гэсэн ч хичээлдээ нэг сайн байж өгдөггүй. Нэг л мэдсэн жүдо бөхийн ертөнцөд орсон. “Энэ л миний дуртай, чадах зүйл юм байна. Энэ л спортоор амьдралаа босгох юм байна” анх гэж хөл тавьж байв. Одоо бол жүдо миний амьдралын салшгүй нэг хэсэг. Саяхан 25 нас хүрсэн. 12 жил буюу амьдралынхаа тэн хагасыг энэхүү спортод зориулсан байна.

-25 нас тамирчин хүний хувьд хэр чухал нас вэ?

-Бяр хүч ордог, ид нас. Монгол хүн 25-30 насандаа бяртай, хүчтэй болдог гэж үздэг. Яг ид насандаа л явж байна. Гэхдээ багаасаа гарч ирсэн ч дундаа бэртэл авсан минь харамсалтай.

“ӨӨРИЙНХ НЬ ӨВРӨӨС УРГАСАН ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛЖ ХАРУУЛЖ БУЙДАА МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА”

-Олон хүнээр хүрээлүүлж, олны дунд байхад өөрт тань бардамнах үе гарна биз?

-Огт тийм зүйл бодогддоггүй. Гэхдээ манлайлагч байх дуртай. Аливаа юмыг сайн л хийвэл гоё санагддаг. Жаахан дүү нартаа өөрөөрөө үлгэрлэж харуулах дуртай. Би мундаг байвал дүү нар минь надаар хэлүүлэлтгүй, намайг хараад,, үлгэр жишээ авна гэж боддог. Ер нь бардам зан байхгүй. Өөртөө итгэлтэй гэх юм уу. Би л яг одоо хичээж, бүхнээ зориулж чадвал амжилт миний гарт. 

-Хүний амьдралд өвчин зовлон хийгээд гэнэтийн явдал олон. Хүн өөрөө өвдөж зовохоос илүү ойр дотны хүн минь л өвдчих вий гэж боддог юм билээ. Л.Энхрийлэнд ингэж бодогдож байсан үе бий юу?

-Би хөлс урсгаж, хүнд хэцүүг нь даван туулж, сайн сайханд хүрчихвэл гэр бүлийнхэн минь зовохгүй гэж боддог. Гэр бүлийнхнээ зовоохгүй байх юмсан, хүнд хэцүү зүйлийг нь би өмнөөс нь даваад гарчихвал сайн сайхан амьдарч чадна гэж боддог.

-Өсгөн хүмүүжүүлж, зааж зөвлөж, бүхий л цаг үед хамт байдаг сайхан эмээгийнхээ талаар бидэнд ярьж өгөхгүй юу? 

-Миний эмээ насаараа эмч хийсэн. Намайг барилдаж эхэлснээс хойш миний арыг даасан цор ганц хүн бол эмээ минь юм. Гэрт ирэхэд хоол бэлэн, хувцсыг маань угаачихсан байдаг. Бэлтгэл оройтож тараад, гэртээ харихад худаг хаачихсан байдаг болохоор заримдаа би ус авч амждаггүй. Гэтэл миний эмээ 75 нас зооглож буй ч хэзээний усаа авчихсан байдаг. “Миний охин бэлтгэлээ л хийхэд болно” гэнэ. Ингэж л намайг хайрлаж, хүмүүжүүлж өсгөсөн. Тэгээд “Би энэ их хайрыг нь амьд сэрүүнд нь амжилт гаргаж л хариулна даа” гэж боддог байсан. Энэхүү хүсэл, зорилгынхоо үзүүрээс харуулаад явж байна. Хүн болж төрснийх сайхан байна. “Хүнээс хүн төрдөг юм шүү, миний охин” гээд л байдаг юм. Ингээд өөрийнх нь өврөөс ургасан гавьяат тамирчин болж харуулж буйдаа маш их баяртай байна.

“МОНГОЛЫНХОО АНХНЫ ЭМЭГТЭЙ ОЛИМПЫН АВАРГА ГЭЖ ДУУДУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА”

-Найз залуутай юу. Энхрийлэн ямар залууд татагдаж, дурлах бол?

-Найз залуу байхгүй. Их спорт залуу насных байдаг. Спортынхоо зорилго, амжилтад 100 хувь хүрсний дараа болох байх аа. Илүү дутуу зангүй, цэвэрхэн, өөртөө арчаатай, сайхан сэтгэлтэй, хүн чанартай хүнд татагдах байх даа.

-Их спортынхны хувьд 2024 он маш чухал жил. Таны хувьд Монгол Улсын анхны эмэгтэй олимпын аварга болно гэсэн зорилго тавьж буй. Энэ талаараа хуваалцахгүй юу?

-Том зорилго тавьсан. “Парис 2024” зуны олимп миний анхны олимп. Тамирчин хүн бүрийн эцсийн, оргил зорилго бол мэдээж олимп байдаг. Олимпдоо оролцож,,,, медаль хүртэж, цаашилбал аварга болж, Монголынхоо анхны эмэгтэй олимпын аварга гэж дуудуулахыг хүсэж байна. Эгч нарынхаа дутууг гүйцээж, эмэгтэй хүмүүс ямар хүчтэй, тэсвэр, тэвчээртэй байдгийг харуулахын төлөө бүхнээ зориулна. Миний хувьд жин хасах талдаа байдаг болохоор жингээ хасахын тулд илүү их хичээж, илүү их тэсвэр гаргана. Зарим үед дэвжээн дээр хүртэл гараад буугаад өгмөөр, болимоор санагддаг. Гаднаа зүгээр юм шиг харагддаг ч дотроо тэгж санагддаг үе бишгүй тохиолддог. Гэхдээ эхэлсэн бол дуусгадаг, бууж өгөх дургүй, эцсээ хүртэл явах нь миний амьдралын зорилт.

-Бэлтгэл сургуулилт үнэхээр хурд, хүч, тэсвэр тэвчээр шаарддаг юм байна. Таны хувьд өөрийгөө хуурч бэлтгэл, сургуулилт хийдэггүй тань анзаарагдлаа?

-Тийм ээ, өөрийгөө хуурч бэлтгэл хийх дургүй. Зовлон мэт бодож хийснээс жаргалтайгаар хийх нь илүү гоё. Хүн унагаагаад, унагаасан мэхээ бодож, кайф авч, өөрийгөө урамшуулж, урам авах гоё байдаг. Цаг хугацаагаа зориулж бэлтгэл хийж л байгаа болохоор өөрийгөө хуурахгүй бэлтгэл хийе гэж боддог.

“ОЛИМП, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНДЭЭ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАХАА МОНГОЛЧУУДДАА АМАЛЖ БАЙНА”

-Монголчуудын энхрий хайрт охин Л.Энхрийлэн ард түмэндээ юуг амлах вэ?

-Нэрээсээ аягүй эсрэг шүү дээ (инээв). Дэвжээн дээр гарахдаа нэрээсээ эсрэг байж, өөрийгөө хурцалдаг. Тэгж л өөрийгөө хурцалж, дэвжээн дээр гарч байж, өрсөлдөгчдөө цохилт өгдөг. Өмнө нь галтай, цогтой өөрийгөө алдчихсан гэж хэлсэн. Тэр үед цоглог, илүү ажилладаг, ритм өндөртэй хүн байсан байна. Тэрийгээ алдчихаараа даруухан болж эхэлсэн. Харин одоо өөрийгөө олж авахын тулд цоглог дуу сонсож, зориг орж, огшиж, дэвжээн дээр гардаг. Олон тэмцээнд дэвжээн дээр гарахын өмнө ритм өндөртэй дуу сонсож туршиж үзсэн. Үүнээс дүгнээд, цоглог байвал илүү амжилт гаргахаа мэдсэн. Хийж буй зүйлдээ дурлах л амжилтад хүргэх гол түлхүүр юм.

Тавдугаар сард ДАШТ болно. Долдугаар сард олимпын наадам эхэлнэ. Мэдээж энэхүү хоёр тэмцээндээ өндөр амжилт гаргахыг л маш их хүсэж байна. Үүнийг монголчууддаа амалж байна. Эцсээ хүртэл бүхнээ зориулах болно л гэж хэлмээр байна. ННамайг халуун дулаан урмын үгсээрээ дэмждэг та нартаа маш их баярладаг шүү. Мөн муулах ч гэсэн намайг хурцалдаг чухал зүйл байдаг.

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе. 

-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга болон холбооныхоо хамт олондоо маш их баярлалаа. Мөн үндэсний шигшээ багийн тамирчид, цуг бэлтгэл хийдэг найз, нөхөд, дүү нартаа маш их баярлалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Сүлд” спорт хороо болон “Blue dragon” ХХК-ийнхаа н.Батжаргал, н.Энхжаргал эгч, ажилчдадаа маш их баярладаг шүү. Мөн хайртай багш, дасгалжуулагч нартаа маш их талархаж байна. Мэдээж арыг минь бат даадаг гэр бүлийнхэндээ баярлалаа.  

Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат гэж явдаг. Намайг үргэлж дэмждэг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, спортын хороо, нутгийн зон олондоо маш их баярлалаа. Тив, дэлхийн тэмцээнд явахынхаа өмнө Зүүнхараагийнхаа “Ширхэнцэг” хайрхандаа сүсэглэж, залбирч, мөргөдөг. Өвөөгийн минь нутаг болохоор их сайхан бэлгэшээлтэй байдаг.

Намайг 10 жилийн сурагч байх үеэс минь дэмжиж, зардал мөнгө бүрдүүлж өгсөн ерөнхий боловсролын сургуулийнхандаа баярлалаа. Тийм багаас минь намайг дэмжиж, урам зориг оруулаагүй бол би өдий зэрэгтэй байгаа ч уу, үгүй ч үү. Мөн Үндэсний биеийн тамирын их сургуулийн багш нар, хамт олондоо баярлалаа. Жүдо бөх сонирхогчид, сайнтай муутай нь бүгдийг хэлдэг Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй яваа шүү.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу