Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Тэрбээр сонгуулийн бүсчилсэн тойргийн талаар хэлэхдээ “Энэ бол бидний толгойг эргүүлж байгаа тархи угаалт. Сонгуулийн тойргийг томсгоё гэдэг ерөнхий санаа нь буруу биш. Гэхдээ сонгууль болохоос хэдхэн сарын өмнө яарч, сандран өөрчлөлт хийж байгааг өөрсдийн ялалтаа бодож, зохион байгуулалт хийсэн гэж харж байна.

МАН бол судалгаа тооцоо сайтай институт. 2024 онд сонгуульд оролцоход энэ намд нэлээд хүндрэлтэй байгаа байх. Хулгай дээрэм, хүн амын амьжиргаа эрс доройтсон гэх мэт асуудлууд бий. Тиймээс иргэдийн саналыг ямар зохион байгуулалтаар авбал хожих вэ гэдэг түлхээсээр хийсэн. 

Тухайлбал, Монгол Улсад бүртгэлтэй хоёр сая орчим сонгогчийн тал нь Улаанбаатарт, тал нь орон нутагт бий. Үнэхээр Монгол Улсын асуудлыг шийдэх гэж байгаа бол Улаанбаатарын утаа, түгжрэлийг шийдэх ёстой. Гэтэл нийслэлээс гарах гишүүдийн тоо хамаагүй бага болчихсон. Тэгэхээр зарчим барихаас илүү сонгуульд ялалт байгуулах тактик гэж харж байна.

Эрх баригчдад асар их мөнгө бий. Тиймээс хэн мөнгөтэй нь ялах сонгууль битгий болчихоосой гэж бодож байна.

Гэтэл Сонгуулийн тойргийг томсгосон. Энэ нь гурван аймгийн атаманууд нийлж, мөнгөө нэгтгэнэ гэсэн үг. Тэгэхээр их хүнд болно.

Жижиг нам, залуу нэр дэвшигчид танигдах боломж хомс. Ерөнхийдөө хоёр намын тулаан болно. Тиймээс намууд өөрсдийгөө зөв зохион байгуулах хэрэгтэй” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу