Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдээс гарсан малын гаралтай хог хаягдлыг тээвэрлэж, булж цэвэрлэдэг “Усан болор хангай” ХХК-ийн захирал С.Цэрэндуламтай уулзаж ярилцлаа. Тус компани 2015 оноос эхлэн малын гаралтай хог хаягдал тээвэрлэж эхэлжээ. Өдгөө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон “Эко тайхи” компанитай хамтран малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна. 

-Монголчууд “Малаас хаях юу ч байхгүй” гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед малын гэдэс, цувдай идэхээ больж, хаядаг болсон гэх яриа хөвөрч эхэллээ. Бойноос хаягдлыг нь авдаг хүний хувьд танаас бодит мэдээлэл авах гэсэн юм. Хаягдал их гарч байна уу?

-Би хувиараа малын хаягдал цэвэрлэж байгаад 2017 оны үе Эмээлт орчимд ажиллаж эхэлсэн юм. 2017-2019 оны хооронд малын гэдэс, өөх маш их хаягддаг байлаа. Тухайн үед нийслэлийн хэрэгцээ хангагдчихсан байсан юм болов уу, 10 машин цувдайнаас найм нь хаягддаг байсан.

Бөөр, зүрхийг нь аваад, бусдыг нь хаядаг. Түүнийг нь бид ачаад, Морингийн даваа, Нарангийн хогийн цэгт өгдөг байсан юм. Харин 2020 оноос хойш хаягдал эрс багассан. Цувдай, толгой, шийрийг нь бүгдийг ченжүүд ирээд авчихдаг болсон.

Өөх огт хаягдахаа больсон. ААН-үүд өөхөө тусад нь хураагаад, нөгөөхийг нь хүмүүс ирээд авч байна. Тэр өөхөөр саван хийдэг болсон. Биднийг хүүхэд байхад боорцог хайрчихсан тосоор барааны саван хийдэг байлаа. Одоо бол өөхийг шууд л бойноос аваад янз янзын саван үйлдвэрлэж байна. Тиймээс одоо малын гаралтай хаягдал маш бага гарч байна. 

-Одоо хэр хэмжээний хаягдал гарч байна вэ?

-Манайх улирлын чанартай ажилладаг юм. Зургаа, долдугаар сард ойр зуурын мал ороод өнгөрдөг. Ид ачааллын үе нь найм, есдүгээр сар. Өвөл, хавар мал туранхай учир бараг нядалдаггүй. Энэ жил бид 250 куб метр хаягдал тээвэрлэсэн. 

-Малын гэдэс, цувдай их хаягддаг гэж боддог хүн цөөнгүй байна. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Улаанбаатар хотод дайвар бүтээгдэхүүн авч, идэж буй хүн олон бий. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Цалин хөлс ямар байгаа билээ дээ. Цувдай иддэггүй хүн бараг л байхгүй. “Дээгүүр” байгаа хүмүүс л иддэггүй байх даа. Уг нь малын гэдэс, цувдай амин дэмээр хамгийн баялаг бүтээгдэхүүн шүү дээ.

Захуудаар явбал толгой, шийрийг нь угааж, хярваслаад тавьчихсан байна. Гургалдайг нь чихээд зарж байна. Гүзээг нь хуулаад тавьчихсан гэх мэтээр бэлдэж зарж байгаа хүмүүс олон бий. Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл гэдэс, дотрыг нь цэвэрлэж, янзлаад өглөө иргэдэд шинээр нь худалдаалж байна. 

-Бага хэмжээний хаягдал гарч байна гэлээ. Яг юу хаягдаж байна вэ?

-Үхрийн өлөн гэдэс, багалзуур хоолой, цус, сэвс гэх мэт жижиг хаягдал гарч байна. Мөн арьс, шир хаягддаг. Хөдөө орон нутагт хэр байгааг мэдэхгүй ч Эмээлтийн мал нядалгааны газруудад малын дотор, гэдэсний хаягдал гарахаа байсан. Гарсан бага хаягдлаар нь бид бордоо хийж эхэлсэн. 

-Хэзээнээс бордоо хийж эхэлсэн бэ?

-Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон “Эко тайхи” ХХК-тай 2020 онд гэрээ хийж, 2021 оноос эхлэн малын гаралтай хог хаягдлаар бордоо хийж, туршсан. Захирагчийн ажлын алба 2.5 га газар гаргаад өгчихсөн. Манайх тэр газар руу хаягдал тээвэрлэж, хүргэж өгдөг. Улмаар “Эко тайхи” бордоо хийж байгаа юм. Анх удаа хийж байгаа учир маш олон удаа туршиж, шинжилдэг юм билээ. Энэ жил 1200 куб метр бордоо хийж, эхний ээлж нь худалдаанд гарчихсан байна. “Эко тайхи” компани энэ жил маш их ачаалалтай ажилласан. Тэд дээд хязгаартаа хүрчихсэн учир илүү хаягдал авч чадахааргүй болсон юм. Тиймээс манайх өөрсдөө бордоо хийж эхэлж байна. Гэхдээ манайх зах зээлд гарах гэж удах байх.

-Малын гаралтай хаягдлаар бордоо хийхээр хэр болдог вэ?

-Их сайхан болдог юм байна. Би эхлээд мэддэггүй байлаа. 2019 оны үед Хөдөө аж ахуйн их  сургуулийн хүмүүстэй уулзаж явсан. Тэр үед манайх малын гэдэс, дотор хаягдлаар бордоо хийхийг мэдэхгүй, сэвсээр л хийдэг гэж хэлж байсан юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох газруудаар би олон удаа явж, хөөцөлдсөн. Тэр үед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гуай байсан юм. Хог хаягдлын хэлтсийн дарга нь С.Аригун гэж хүн байлаа. Яг малын гаралтай хаягдлаар бордоо хийх талаар мэдэх хүн байгаагүй учир бүтэхгүй юм байна гэж бодож явтал намайг нийслэлийнхэн  “Эко тайхи” компанийн хүнтэй уулзахыг зөвлөсөн. Очоод уулзтал нэг машин хаягдал аваад ир гэсэн юм. Тэгэхээр нь нэг машин аваачиж өгчихөөд, намар нь очоод асуутал “Таны авчирсан хаягдал задраад, янзын сайхан бордоо болсон” гэж хэлсэн. Тэгээд бид хамтарч ажиллахаар болж, улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан дэмжсэн. Ингээд бид хамтарч, маш сайхан бордоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Үйлдвэрлэсэн бордоогоороо олон төрлийн жимс, ногоо тарьж, ургуулж үзтэл маш амжилттай болсон. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу