Монголын Зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн баяр өчигдөр (2024.01.09) болж өнгөрлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль болон оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг тус тус гардуулсан юм.

Өдгөө 95 жилийн түүхтэй тус эвлэлийн гишүүд баярын хуралд оролцох үеэр “Утгын чимэг 2023” наадмын тэргүүн шагналт зохиолч МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт утга зохиол судлаач, Хэл бичгийн ухааны доктор, профессор Долгорын Цэнджавтай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр “Алтан өд” наадмын Утга зохиолын судлал, шүүмж төрөлд “Зохиолчийн урлан судлал” бүтээлээр тэргүүн байр, оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2023” наадмын тэргүүн шагналыг тус тус хүртээд буй юм. 


-Танд түүхт 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Монголын шилдэг 17 сэхээтэн уулзаж, анхны утга зохиолын бүлгэмийг байгуулсан. Нарийн төлөвлөгөө зохиож, хөөцөлдөж босгож байсан хэд хэдэн хүмүүсийн дотроос С.Буяннэмэх хамгийн их нөлөөтэй нь гэж болно. Энэ өдөр бол бидний төрсөн өдөр, тулганы гурван чулууг тавьсан ийм өдөр юм.

Зохиолчдын эвлэл, байгууллага гэдэг бол Монголын нийгэм, соёлын ертөнцөд асар том үүрэг хүлээсэн оюун санааны, сэтгэл зүрхний байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дурсагдах сод хүмүүс, гарамгай сайхан зохиолчдыг төрүүлсэн байна. Уран зохиол нь бүх зүйлийн үндэс байдаг. Урлаг соёлыг хөгжүүлж, нийгэм, үзэл суртлыг ч өөрчлөх хүчтэй.

Өнөөдрийн уран зохиолын хандлагыг харахад яах ч аргагүй залуу үе түрэн үе орж ирж байна. Янз бүрийн өнгө төрх, дуу хоолой байна, сайхан байна. Бидний үед их үзэл суртлын хяналт их байлаа. Харин одоо бол уран бүтээлийн эрх чөлөө шиг сайхан зүйл алга. Энэ эрх чөлөөг харин маш бодолтой, ухаантай ашиглах хэрэгтэй. Бусдаар тийм яадгаа алдчихсан замбараагүй эд уран зохиол биш. Их цэгцтэй, бодлоготой, шинийг эрэлхийлж хайгуул хийдэг, улс орныхоо хөгжилд ч үр өгөөжтэй байх учиртай юм.

-Таны хувьд өнгөрсөн жил хэр үр өгөөжтэй жил байв. Онцлох уран бүтээлээ танилцуулж болох уу?

-Өнгөрсөн 2023 он бол надад их үр өгөөжтэй жил байлаа. Би утга зохиол судлаач, хүүрнэл зохиолч хүн. Саяхан есөн боть номоо хэвлүүлсэн. Дараагаар нь Монгол Улсын Их сургуулийн “Профессорын өв судлал” гэх бүтээлд багтаад байна. Үүнийг хувь тохиол ч гэж харж байна. Энэхүү цувралд “Зохиолчийн урлан судлал” бүтээлээ нэг боть болгон бүтээсэн.

Хувьдаа олзуурхаж байгаа зүйл маань “Зохиолчийн урлан судлал” гэж шинэ нэр томъёог гаргаж, зохиолч гэж юу байдаг, түүний урлан, уран бүтээл гэгчийн тухай судалж чадлаа гэж харж байна. Зохиолчийн урлан гэдэг бол бүтээгдэхүүний хамгийн халуун “цех”. Зохиогчийн ертөнц рүү хамгийн гүн орох боломжтой судлал шинжлэл мөн юмаа гэж харж байна. Үүний суурийг тавьж чадсан жил байлаа.

Ганцхан хүн зохиолчийн ертөнц, эрдэнэсийн агуй руу орно гэдэг бол хэцүү. Цаашид улам өргөжиж, утга зохиолын арга барил, үзэл бодол, амьдрал, хөдөлмөр гэх мэт бүх зүйлд нэвтэрч, бие даасан судлалын маш том төрөл болох учиртай. Энэ нь уран зохиол сонирхож байгаа залуус, уран зохиолын хичээл зааж байгаа багш нарт их хэрэгтэй зүйл. Энэ төрлийг англи, орос, перс хэл дээр судаллаа. Яг “Зохиолчийн урлан судлал” гэсэн төрөл зүйл байхгүй.

-Яруу найрагт сэрэл мэдрэмж, онгод гэж байдаг. Хүүрнэл зохиолчийн хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Яруу найраг бол залуу насны, онгод хиймрийн ч гэдэг юм уу сайхан төрөл. Нэг роман гэхэд эхлэлийг нь тавьчихаад харахад 4-5 жилийн дараа төгсгөл нь харагдана шүү дээ. Тэгэхээр хэцүү байгаа биз. Нартын нэг өдрийнхөө 50 хувийг зориулахгүй л бол бараг бүтэшгүй зүйл. Яахав бичиж байх үед урамшил, онгод бол төрнө. Хүүрнэл зохиол гэдэг бол маш их тэвчээртэй хүний л ажил.

Б.Ренчин гуай хэлсэн байдаг. “Яруу найрагч бол бөөрөнхий бөгстэй хүмүүс, Харин хүүрнэл зохиолч, романчид нь хавтгай бөгстэй” гэж. Бөмбөрч явахдаа л бичдэг гэсэн санаа. Хөдөө гадаа явахдаа ч, хаа нэгтээ сууж байхдаа ч бичиж болох. Хүүрнэл зохиолчид гэтэл хэн ч хий гэж шаардаагүй байхад л дурлаад суугаад байдаг. Би хувьдаа өдрийн 13 цаг сууж бичдэг. Үүр гэгээрэхээс өмнө, 3-4 цагийн үед л босоод суучихна. Миний ганц чаддаг, хайртай, өдөөдөг зүйл учраас тэр тэнхээ гарч байгаа юм. Дур байгаагаас бусдаар бол бараг оюун санааны ял ч юм шиг зүйл. Нойргүй болно, хоолонд муу болно, хараа муудна. Биеэ өгнө гэдгийн жишээ юм. Энийг харин залуучууд эрт ухаарах ёстой байгаа юм.

-Шинэ залуу зохиолчдод зориулж зөвлөх зүйл тань юу вэ?

-Ихэвчлэн ажиглаад байхад 25, 35 насныхан ганц хоёр ном гаргачихаад, зугаа цэнгээн хөөгөөд хэсэг явчихдаг. Тэгээд 40 гараад ирэхээрээ ухаардаг тал бий. Ц.Дамдинсүрэн гуай 18 насандаа “Гологдсон хүүхэн” зохиолоо бичиж, Л.Түдэв гуай 20 насандаа “Уулын үер” романаа бичиж байх жишээтэй. Тэгэхээр уран зохиолд 20 нас бол балчир нас биш. Харин ч эрч хүчтэйгээр оролдож, орооцолдож явах хэрэгтэй гэж захимаар байдаг юм. 

Ярилцсанд баярлалаа. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу