Улс гэрийг сүйрүүлсэн улстөрчдийн нэрс дотор 19.6 тэрбумын сайжруулсан шахмал түлшний шуудайг өөрийнх нь шууд удирдлагад байсан “Тавантолгой түлш” ХХК-д “шахсан” асуудал ил болж байв. Энэ хүн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан.

Тэрээр 2020 оны сонгуулийн үеэр “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчид хариуцлага тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээн бухимдаж байв.

Харин нүүрсний сонсголоор “Тавантолгой түлш” компанийн асуудал яригдах үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Компани нь алдагдалтай ажиллаж байхад Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийнхөн өөрсдийгөө шагнадаг. ТУЗ-ийн 29 хүнд 1.1 тэрбумыг зарцуулсан. 2022 оны дөрөвдүгээр сард ТУЗ-ийн тогтоолоор “2021 оны санхүүгийн тайланд өгсөн Үндэсний аудитын газрын “зөрчилгүй” дүгнэлтийг харгалзан, ТУЗ-ийн гишүүдийн жилийн үр дүнгийн урамшууллыг олгох” тогтоолыг баталсан.

Ж.Батбаясгалан дарга гарын үсэг зурсан байгаа юм. Үндэсний аудитын газар зөрчилгүй гэх дүгнэлт гаргасан шүү. Ямар ч санхүүгийн баримт, тайлан, архив материал байхгүй. Бүгд тендергүй явдаг. Ерөнхий нягтлан нь нөхрийнхөө хадгаламж руу мөнгө хийдэг. Ж.Батбаясгалан дарга өөрийгөө 64 сая, Л.Одхүү 124 сая, О.Одбаяр 78 сая төгрөг, Д.Санчир 27 сая төгрөг, Х.Нурлат 72 сая төгрөг, Ц.Пүрэвхүү 78 сая төгрөг, Д.Цагаан-Өвгөн 27 сая төгрөг.Ц.Шинэхүү 38 сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. 

ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү “Тавантолгой түлш” компанид шуудай худалдан нийлүүлсэн “СБМ Хангай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд аж. 2019-2023 онд 19.6 тэрбумын шуудай нийлүүлжээ. 

Л.Одхүү Гаалийн ерөнхий газрын санхүүгийн даргаар ажиллаж байсан. Түүний эхнэр Б.Оюунзул “Алтан хот” банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч. Энэ нь “Тавантолгой түлш”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын хамтарсан ББСБ бөгөөд эцсийн өмчлөгч нь Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг байна. Эдгээр хүмүүс нэгдмэл сонирхолтой” хэмээн мэдэгдсэн.

Ж.Батбаясгалан “Төр түшмэлээр дутдаггүй” гэж үнэн хэлсэн. Ард түмнийхээ боломжийг хумсалсан, “Тавантолгой түлш”-д шуудай шахаад сууж байдаг Ж.Батбаясгалангаар НИТХ дутахгүй. МАН ч Ж.Батбаясгалангаар дутахгүй биз. Шударга ёс тогтооё гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бүгдийг чимээгүй харж суухгүй гэж найдъя.

Хулгайтай тэмцэж, Засгийн газрын 5Ш ажиллагаа хэрэгжиж байгаа нь үнэн бол Ж.Батбаясгалангаасаа салж, шударга ёсны тугаа мандуулах ажлаа эхлүүлмээр байна. Эрх барьж байгаа намынхан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бат баясгалантайгаар төрд шахаа хийгээд баймааргүй байгаа юм. 

“Тавантолгой түлш”-ийн ТУЗ-д байхдаа шуудай шахаж байсан хүн НИТХ-ын дарга болсон болохоор юу ч шахаж яваа юм билээ. 

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу