Иргэд болон аж ахуйн нэгжүүд 2024 оны аравдугаар сарын 15-наас эхэлж хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр такси үйлчилгээ эрхлэх шийдвэр гарсан. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээнд явсан тохиолдолд 5 сая хүртэлх төгрөгөөр торгохоор болсон билээ. Энэ талаар иргэд дараахь байр суурийг илэрхийллээ.

“ЭНЭ ШИЙДВЭР ЕРӨӨСӨӨ АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ БАЙНА”

Аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээнд явсан иргэдийг 5 сая хүртэлх төгрөгөөр торгох, мөн такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 3 сая төгрөгөөр авах шийдвэр тус тус гарсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

Иргэн Б.ГАНХУЯГ: Ер нь хувь хүн таксинд явж байж л амьдралаа залгуулж байна. Энэ шийдвэр иргэдийн амьдралд ерөөсөө нийцэхгүй гэж би хувьдаа бодож байна. Өнөө, маргаашийн хоолныхоо мөнгийг олж, амьдралаа болгох гэж байгаа хүмүүс. Таксинд явдаг машинаа мэдээж зээлээр авч байгаа. Амьдралаа болгох гээд явж байгаа шүү дээ.

“БОЛОМЖТОЙ ХҮМҮҮС Л 3-10 САЯ ТӨГРӨГӨӨР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ БАЙХ”

-Таксинд явах тусгай зөвшөөрлийг 3-10 сая төгрөгөөр авах шийдвэр хэр оновчтой гэж та бодож байна вэ?

Иргэн Г.ГАНСҮХ: 3-10 сая төгрөгөөр худалдаж авах хүн байгаа болов уу даа. Энэ удаа “ахдаж” байна. Одоо бүх юмны үнэ нэмэгдээд, хэцүү байна. Боломжтой хүмүүс нь авах л байх. Боломжгүй нь авч чадахгүй шүү дээ. Зарим хүмүүс амьдралаа болгох гээд, өдөржингөө таксинд явж байгаа. Зээлтэй ч хүн байна. Машиныхаа зээлийг дарах гээд явж байгаа хүмүүс байгаа биз дээ.

“ТАКСИНД ЯВАХДАА ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ”

-Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр такси үйлчилгээ эрхлэх шийдвэр гарсан. Зөвшөөрөл авах шаардлагатай гэж та бодож байна уу? 

Иргэн П.ЭРХЭМБАЯР: Ард иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж хувийн машинтайгаа таксинд явах нь зөв. Тэр зөвшөөрлийг аваад яах юм бэ. Зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Тэртэй тэргүй оношилгоонд орж байгаа юм чинь. Илүү зардал гэж бодож байна.

“НЭГ, ХОЁР ХҮН ТЭЭВЭРЛЭСНИЙ ТӨЛӨӨ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ ГЭЖ ҮҮ”

-Тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлвэл 5 сая хүртэлх төгрөгөөр торгохоор болсон. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 

СТА, жүжигчин Л.ДОРЖНЯМ: 5 сая төгрөгөөр торгох арай хэтэрнэ. Одоо тэгээд нэг, хоёр хүн тээвэрлэсний төлөө торгууль төлнө гэж үү. Хувийн таксийг хориглож байгаа юм байна. Таксинаас олсон орлогоороо амьдарч байгаа айлууд байгаа шүү дээ. Торгууль нь хэтэрхий өндөр байна. Долоо хоногийн дотор 5 сая төгрөг гаргаад өгчих таксины жолооч байхгүй шүү дээ. Тэд боломжгүй учраас л өдрийн цагаар, эсвэл оройн цагаар амьдралаа залгуулахаар явж байна. Иргэд хохирч байна. Маш буруу шийдвэр.

“ЯМАР Ч ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТАТВАРАА ТӨЛДӨГ БАЙХ ЁСТОЙ”

-Такси үйлчилгээний талаар та юу хэлэх вэ?

Иргэн З.АНХБАЯР: Мэдээж эдийн засагт мөнгө эргэлдүүлж байгаа юм чинь ямар нэг байдлаар татвар төлөх ёстой. Тэр байтугай бид чинь хүнсний дэлгүүрээс юм авахдаа хүртэл НӨАТ төлдөг. Тийм учраас татвараа төлөөд, албан ёсны орлого олоод явах нь зөв байх. Тэр утгаараа энэ таксины үйлчилгээ ч юм уу, ер нь Монгол Улсад хуулийн дагуу хэн ч, ямар ч үйл ажиллагаа явуулсан татвараа төлдөг байх ёстой.

О.ОЮУНДАРЬ
А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу