Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй.  Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах заалтыг эсэргүүцэн, УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага гардууллаа. Дараа нь тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөв.

Х.Баттулга “Ерөнхийлөгч байсан хүний хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санаа зовнин, АН-ын гишүүдтэйгээ хамт УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа. Газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй.

2024 оны сонгуулийг томсгосон тойргоор 126 гишүүнтэй явуулах гэж байгаа бол энэ бүтцээрээ газрын асуудлаа хэлэлцүүлэх ёстой. 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтад тавигдсан 100 мянган ам.долларын босгыг 2013 оных гээд, толгой эргүүлж яриад байна.

100 мянган ам.долларын босгыг байхгүй болгочихвол гаднын хэнбугай ч хамаагүй хөрөнгө оруулагч нэрээр Монголд орж ирээд, манай газрыг эзэмших нөхцөл байдал үүсч, хуулийн цоорхой бий болно. Тиймээс энэ асуудлыг 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг шаардаж байна” хэмээн хэллээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Энэ хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүдийг төмөр замаар танк ороод ирнэ гэж айлгадаг шиг хадны мангаа яриад байна хэмээсэн. Гаднын хөрөнгө оруулалт татахын тулд юу хийх ёстой вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. “Гадаадын хөрөнгө оруулалт” гэдэг хууль одоо цагт “Гадаадын хөрөнгө оруулалтын орчин” болж өөрчлөгдсөн. 

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар гишүүний хуулиадад хориг тавьж байсан. Энэ хүнд хувь хүн талаас нь хандаад байна уу гэх хардлага байна. Та юу хэлэх вэ? 

-Ч.Хүрэлбаатартай би хувийн асуудал байхгүй. 

-Нүүрсний сонсголд таныг гэрчээр дуудсан. Гэтэл та ирээгүй. Ямар шалтгаантай байсан бэ?

-Ирсэн шүү дээ. Ирээд тайлбарласан.

-Та Ерөнхийлөгч байхдаа оффтейк гэрээг нууцад оруулсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийлөгч оффтейк гэрээ хийдэггүй юм. 

-Цахилгаан тасалдахад таныг нөлөөлсөн гэж яригдаж байна?

-Ер нь нөлөөлөөгүй зүйл байгаа юм уу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг нөлөөлсөн гэж байх шиг байна. 

-Төмөр замын асуудал дээр тайлбар өгнө үү?

-Төмөр зам бол монголчуудын бахархал. Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр  өөрсдөө төмөр зам барьсан. 

-Мухар шүү дээ?

-Мухар биш. Говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого. Үүнд хорссон хүмүүс байна. 

-УИХ-ын сонгуульд та нэр дэвших үү?

-Мэдэхгүй байна. Нэр дэвшихгүй байх. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу