Биометрийн тестийн программ болох генетик тест (Genetic test) дерматоглификийн шинжлэх ухааны олон удаагийн судалгааны үр дүнд бий болжээ. Салбарын мэргэжилтнүүд “Энэхүү тестийн үр дүн өөрийгөө ойлгох, хөгжүүлэх, авьяас чадвараа тодорхойлох зэрэгт тустай” хэмээн тайлбарладаг билээ.

XVII зуунаас хурууны хээгээр хувь хүнийг тодорхойлох сонирхол үүссэн байна. Хурууны хээний талаарх тэмдэглэл Марчелло Мальпигийн анатоми болон Эмбриологийн ажилд тусгагджээ. Тухайн үедээ нэртэй биологч Ян Пуркинье хурууны хээг ангилж байсан аж. Дерматоглифик гэх нэр томъёо ХХ зуунд гарсан бөгөөд орчуулбал “арьсны хээ” гэсэн утгатай үг юм.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдээс мэдээлснээр, генетик тестээр тухайн хүний авьяас, ур чадвар, чадамж, байгалиас өгсөн өгөгдлийг 85-95 хувийн магадлалтайгаар гаргадаг байна.

Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжлийн анхны магиструудыг бэлтгэж, мэргэжилтнүүд дээрх мэдээлэл дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байгаа нь олны анхаарлыг татаж буй юм.

Монгол Улсын мэргэжилтнүүд олон улсад өргөн хэрэглэдэг генетик тестээр оношлоод жил орчмын хугацаанд нийт 900 гаруй хүнийг оношилсон гэсэн тоон мэдээлэл гарчээ. XII ангиа төгсөх гэж байгаа, ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй хүүхдүүд бөөнөөрөө ирж үйлчлүүлдэг байна.

Салбарын мэргэжилтнүүд “Хүүхдийнхээ авьяас, ур чадвар, чадамжийг эрт тодорхойлох нь олон төрлийн ач холбогдолтойгоос гадна янз бүрийн дугуйланд хүчээр явуулж, цаг заваа алдаж, туршилт хийж, цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсах асуудлаас сэргийлнэ” гэж зөвлөж буй юм.

Түүнчлэн энэ тестээр хувь хүний биометрийн 17 үзүүлэлтийг график ба тоон мэдээллээр гаргадаг. Үүнд:

тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх, практик ажлын чадвар, шинжлэн судлах, бүтээж туурвих шинж чанар, спортлог байдал, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн эрсдэл, илүүдэл жин, хэт хамаарлын магадлал гэсэн мэдээллүүд багтдаг байна.

Мөн бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, мэдрэлийн тогтолцооны чадавх, баг хамт олон, нийгэмд дасан зохицох чадвар, темперамент төрөлх зан төлөв, шинэ зүйлийг хүлээн авах чадварыг тодорхойлдог зэрэг олон мэдээлэл өгдөг ажээ.

А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу