Энэ сарын 9-ний өдөр болж өнгөрсөн МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа багштай хэсэгхэн зуур ярилцсаныг хүргэж байна. Монголын утга зохиолд Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгож, олон залуусыг утга, уран зохиолд хөтлөн оруулсан эрхэмтэй богино хугацаанд хөөрөлдсөн ч үр өгөөж нь арвин байлаа.

Насыг нь дагаж түүний дүр төрх өтөлсөн хэр нь оюун санаа нь тив дэлхийн чинээ гаргалгааг сийлж сууна гэдэг агуу хүмүүний нэгэн чадвар мөн биз ээ.

-Сайхан өвөлжиж байна уу. Зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Та сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэнд ээ, хүү минь. 95 жилийн ой гэдэг бол Монголын ард түмний оюун санааны амьдрал дахь маш том баяр. Учир юу вэ гэвэл. Ард түмэн нь зохиолч яруу найрагчдыг төрүүлэхдээ өөрийгөө таних, ойлгох гэж бас хэцүү цагт өөрийгөө хамгаалуулах гэж, хайрлуулах гэж төрүүлдэг юм. Энэ хугацаанд олон зохиолч төрөн гарсан, цаашдаа ч төрсөөр байх болно. Гэхдээ энэ бидний хорин нэгдүгээр зуун бол их төвөгтэй цаг үе. 

Дэлхийн улс орнууд, байгаль орчин гэх мэт асуудал ихтэй үед монголын ард түмний насыг яаж уртасгах вэ, яаж дэлхийн энтэй хөгжин цэцэглэсэн ард түмэн болгох вэ гэдэг асуулт хүн бүхний толгойд орж буй. Тиймээс монголын зохиолчид өнөөдөр ард түмнээ түүчээлж, ирээдүйд хөтлөн авч явах соён гэгээрлийн үүрэгтэйгээр өнөөдөр цуглаж байна. 

-Өнөөдөр би энэхүү баярын хурлын индэр дээрээс нэгэн уриалгыг хэлэхээр ирээд байна. Түүнийгээ Улсын Их хуралд хэлэлцүүлэх санаатай юм. Тэр бол “Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх том хувьсгалыг зарлая“. Түүнийгээ зохиолчид, соёлын зүтгэлтнүүд нь түүчээлье гэсэн санаа юм. 

-Соён гэгээрлийн хувьсгал нь одоо цагт юунд чиглүүлэх вэ?

Түүхээс нь харвал хүн төрөлхтний түүхэнд хоёр ч байтугай том соён гэгээрлийн хувьсгал болсон. 

Нэгэн жишээ гэхэд  Денис Дидрот нь хүн бүрд нээлттэй анхны том нэвтэрхий толь болох Encyclopédie-ийг бичиж оруулснаар гэгээрлийн санаа бодлыг түгээн дэлгэрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэдэг. Тэрээр “ертөнцийн газар орон бүрээс эрдэм цуглуулъя” уриан дор 16 том нэвтэрхий толь гаргаж байлаа. Тэр нь одоо ч хүн төрөлхтнийг гэгээрүүлсэн хэвээрээ. Шашны доор байсан хүн төрөлхтнийг гэгээрүүлж, соёл урлагаар хөгжлийнх нь чиг хандлагыг замчлан гаргаж ирсэн хэд хэдэн ч тохиолдол байдаг. 

Монголын ард түмэн ч гэгээрэх цаг нь болсон. Мэдээ мэдээлэл, техник технологи бүх юмандаа хутгалдчихсан. Хөдөлмөрлөж боловсрох хүсэл нь багасчихсан ч юм шиг санагдах юм. Хүн төрөлхтний утга зохиолын их соёлд өөрийн өнгө төрхөө тусгах цаг нь болсон. Миний зохиолч найз нөхөд, дүү нар энэ санааг минь дэмжинэ ээ гэж бодож байна. 

-Монголын утга зохиол аль түвшиндээ явж байна гэж харж байна вэ? Дэлхийд гайхуулах хэмжээний болсон уу?

21-р зууны утга зохиол дэлхий дахинаа шалгуур их хатуу болж байна. Учир нь хүн, хүний сэтгэлгээ өөрчлөгдөж, үндэстний сэтгэлгээний өвөрмөц чанар их тодорч байгаа. Энэ нөхцөлд дэлхийгээс хоцрохгүй шүлэг зохиол бичихийн тулд сэтгэлгээг их сайн хөгжүүлэх ёстой. Дэлхийн хэмжээнд сэтгэж, монголынхоо хүрээнд ажиллаж байж энэ утга уран зохиолоо дэлхийн дэвжээнд гаргах ёстой. Хүмүүс хэлдэг юм. Монголын уран зохиол дэлхийн түвшинд хүрсэн гэж.  Тэр түвшинд хүрснийг яаж хэмжих вэ? 

Дэлхий дахинд бүтээлээ дэлгэрүүлж аль нэг үндэстний сэтгэлд яаж хоногшиж үлдсэнээр л хэмжих ёстой. Тийм учраас эх хэлнийхээ бүтээлийг олон улсад алдаа мадаггүй хөрвүүлдэг, гаднын бүтээлийг уншигчдадаа чадварлаг хүргэдэг орчуулагчдыг төрийн бодлогоор дэмжих ёстой.   Жишээ нь агуу Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглалыг дэлхийн дэвжээнд гаргахын тулд үндэстний мэдрэмжийг маш нарийн, чадварлаг хөрвүүлэх ёстой. Хэн тэгж чадах вэ? 

Сийрүүлбэл, тэр Янгир яагаад үхэхийн өмнө хадны оройд гарч байгаа вэ, үхлийн ирмэгт тэр хүчийг хэн өгч байгаа юм. Гурван айл яагаад нүүдлээ хойшлуулж Янгир ямааны үхэхийг хүлээж байгаа юм. Энэ болгон чинь зөвхөн монгол хүнд, монгол зохиолд байдаг өвөрмөц чанар, шүтэлцээ юм шүү дээ. Үүнийг л дэлхийд гаргахын тулд бичгийн төгс чадвартай орчуулагч л хэрэгтэй. 

Би ухаандаа Б.Явуухуланг зөвхөн дорнын яруу найрагч биш гэж боддог. Дэлхийн яруу найрагч юм. Учир нь амьтныг тэгж нарийн дүрсэлсэн, уядуулсан найрагч дэлхийд байхгүй гэж боддог. Тийм учраас дэлхийн хэмжээнд суралцаж монголынхоо нүүдэлчин иргэншлийн гайхамшгийг сурталчлан таниулах ёстой” хэмээлээ.

Түүний яриа өгөхөөр хэсэг саатсан үүдний сандал хавиар чамгүй олон зохиолчид эгнэж зогсчхоод сэтгүүлч намайг яаруулж орхив. 

Арга хэмжээ эхлэхээс өмнө багштай гар барьж хэд гурван үг солихоор тэд ийн хүлээн зогсоо аж. Ломбын Нямаа багш ярианыхаа төгсгөлд  “Энэ бол монголын уран зохиолын ирээдүй хойчийн замнал мөн” гэж хэлээд “яасан урт юм яриулчхав даа хүү минь” гэх. 

Буурлаас үг сонс гэдэг. Дотоодын салбар дугуйлан, уран бүтээлийн нэгдлүүдийн чанар чансааг шүүмжлэгч, судлаачид цөм мэдэж буй. Харин “Монголын Уран зохиол” гэдэг том хүрээгээрээ дэлхийн тавцанд гарах дорвитой алхам нь “орчуулагчдыг төрөөс дэмжих” гэсэн нь гэрэл гэгээтэй ирээдүйнхээ төлөө хэлсэн багшийн сайхан үг байлаа. 

А.САЙХАНБАЯР 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу