Монгол Улсын Их сургуулийн (МУИС) Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

Бүсчилсэн тойргоос ярилцлагаа эхэлье. Энэ жилийн УИХ-ын сонгууль онцлогтой болно. Тэр дундаа манай улс түүхэндээ анх удаа бүсчилсэн том тойргоор сонгууль явуулах гэж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй холбоотойгоор сонгуулийн бүсчилсэн тойргийг санал болгож байна гэж эрх баригч нам гаргаж ирсэн. Үүнийг парламентад суудалтай намууд зөвшилцөж, сонгуулийн тойргийг бүсчилж томсгох тогтоолыг баталсан. 

Ингэснээр газар нутгийн хувьд 3-4 аймгийг нэг, 2-4 дүүргийг нэг тойрог болгох зэргээр нэр дэвших гэж байгаа тойргийг том болгосон гэсэн үг. Нэг тойрог 3-10 хүртэлх мандаттай болсон. 10 мандаттай гэдэг нь тухайн тойргоос парламентын 10 гишүүн сонгогдоно гэсэн үг. Сонгуульд парламентад суудалтай улс төрийн гурван намаас гадна парламентад суудалгүй улс төрийн намууд дангаараа болон эвсэл байгуулаад нэр дэвших боломжтой. Мөн бие даагчид нэр дэвшинэ.

Тэгэхээр 10 мандаттай нэг тойрогт доод тал нь 50 орчим хүн өрсөлдөх тооцоо харагдаж байна. Ийм олон хүн нэр дэвшиж байгаа тохиолдолд тухайн тойрогт өмнө нь танигдсан хүн сонгогдох магадлал өндөр.

Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, эсхүл нэр дэвшихээр горилж урьд өмнө олон үйл ажиллагаа явуулсан хүмүүс гарах боломж өндөр гэсэн үг. Нөгөө талаас манай сонгогчдын боловсрол тааруу учир саналын хуудсаа бөглөхдөө олны танил хүмүүсийг сонгох магадлалтай. Тиймээс энэ нь маш том сул тал болно.

Мөн тухайн тойрогт нэр дэвших залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох боломж буурна. Бид маш олон жил жендэрийн квотын талаар ярьсан. Гэтэл арай гэж аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь гэсэн дэвшилттэй заалтынхаа эсрэгээр болох ч магадлалтай. Яагаад гэвэл, эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм.

Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэнэ. Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм. Бензин, шатахуунаас эхлээд тэнд хэдэн ухуулагч ажиллуулах вэ гээд асуудал их бий. Жишээ нь, Сонгуулийн тухай хуульд нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байхаар тусгасан. Ухуулагчийн урамшуулалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас илүүгүй байхаар заасан байдаг. Зөвхөн ухуулагчид өгөх мөнгө л их мөнгө болж байгаа биз. Үүнээс харахад энэ удаагийн сонгуулиар маш их зардал гарна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн тойрогтоо зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоож өгдөг. Энэ удаагийн зардлын дээд хэмжээ маш өндөр таазтайгаар гарч ирэхээр байна.

-Эрх баригчид сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь олон давуу талтай гэж яриад байна. Жалга, довны үзлээс салж, бодлогын түвшний асуудлыг ярьдаг болно гэх мэтээр.

-УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярьдаг байдал өөрчлөгдөнө гэж гишүүд хэлж байна лээ. Гишүүд тойргийн иргэддээ гэр олгох, сургууль цэцэрлэгийг нь барих зэрэгт анхаардаг байсан бол тэр нь илүү бодлогын чанартай болно гэж яриад байгаа. Уг нь тойргоос үл хамаарч, парламентын гишүүд бодлогын асуудлуудад анхаарч ажиллах ёстой юм.

Зарим гишүүд “Би орон нутагтаа хийсэн юмтай учраас сонгуульд нутагтаа нэр дэвшинэ” гэх байдлаар тойрогтоо ажил хийсэн хүмүүс сонгуульд давуу талтай мэтээр яриад байна. Уг нь тэдний орон нутагтаа хийсэн ажилд бус хуулийн төсөл санаачилж, батлах тал дээр хэр санал санаачилгатай оролцсон нь чухал. Ядаж УИХ-ын чуулганы хуралдаанд хэдэн удаа сууж, идэвх гаргасан бэ гэдгийг харах хэрэгтэй. Гэтэл тийм биш байгаа юм.

Энэ сонгуулиар санхүүгийн ялгаа гарах нь илүү нэмэгдэж, мөнгөтэй, тойргоо сайн усалсан хүмүүс сонгогдох магадлалтай болчихлоо. Бүсчилсэн тойргийн хамгийн том сул тал нь одоо манай парламентад гарч илрэхээр байна.

Тиймээс сонгогчид хариуцлагатай байж, сонгуулийг зохион байгуулж буй хүмүүс мэдээллийг сайн түгээх хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороо гэлтгүйгээр улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэний нийгмийн байгууллагууд маш сайн идэвх оролцоотой байх нь чухал ач холбогдолтой цаг ирж байна.

Дахиад хэлье.

Улсын төсвийн хөрөнгөөр тойрогтоо сургууль, цэцэрлэг барьснаа “Би орон нутагт хийсэн юмтай хүн шүү” гээд байгаа нь маш буруу. Сонгогчид үүнийг маш сайн ойлгож, олон нэр дэвшигчээс зөв хүндээ саналаа өгөх ёстой.

Мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, тухайн хүн өмнө нь улс төрд буруу үйлдэл хийж, бохир технологи ашигласан эсэхийг нягтлах хэрэгтэй.

-Давуу тал байхгүй гэсэн үг үү?

-Мэдээж урт хугацаандаа давуу тал бий. Энэ аргыг хэрэглэдэг улс орнууд ч цөөнгүй. Гэхдээ сонгууль дөхсөн одоогийн манай нөхцөлд хэрэглэх гэнэтийн шийдвэр гаргасан нь сонгогчдод болон жижиг бүтэцтэй улс төрийн намууд, нэр дэвшигчдэд ээлгүй арга барил боллоо.

-Тэгвэл холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгох сонгуулийг ямар байдлаар бүсчилж, яаж явуулбал тохиромжтой бол?

-Сонгууль явуулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарч, өөрчлөх шаардлагатай юм уг нь. Тухайлбал, саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намуудын бүртгүүлсэн огнооны дагуух дарааллаар жагсаадаг. Энэ нь эрх баригч намд ашигтай нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Манай улсад сонгуульд саналаа өгдөггүй хүн цөөнгүй бий. Зарим нь санал өгөхдөө таньдаг хүмүүсээ дээрээс нь дугуйлдаг. Ийм тохиолдолд саналын хуудас дээр асуудал үүсэж байгаа юм. Үүнийг намуудыг шодох байдлаар энд тэнд нь нэр дэвшигчдийг жагсааж, өөрчлөх ёстой. Гэтэл эрх баригч нам солихгүй байна. Миний дэмжиж байгаа, сонгоё гэж бодсон хүн саналын хуудасны хаана нь ч бичигдсэн байж болно. Тэгэхээр би мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулаад саналаа өгөхөөр шийдсэн нэр дэвшигчээ хайж олоод дугуйлах шаардлагатай болно. Энэ нь сонгогч хариуцлагатай байх бас нэг боломж бүрдүүлж өгдөг юм.

Мөн саналын хуудас дээр нэр дэвшигчийн зургийг нэрийнх нь хажууд хэвлэдэг сайн туршлагууд бий.

-Тойргийг бүсчилсэн нь одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй гэж та хэллээ. Тэгвэл цаашдаа энэ байдлаараа явсан нь зөв үү?

-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харагдана. Мэдээж сонгууль болтол маргах, мэтгэлцэх асуудал зөндөө гарч ирнэ.

-Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ маш сонирхолтой кэйс байлаа. Хэрэв тэр аймгаас төлөөлөл гарах ёстой гэж үзэж байгаа бол намын жагсаалтдаа оруулах боломжтой байсан. Гэтэл тусад нь тойрог болгосон нь Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд асуудал гарахыг үгүйсгэх аргагүй.

-Сонгуулийн тухай хуулийг та анзаарч харав уу?

-Сонгуулийн сурталчилгааг 18 хоногт хийхээр сонгуулийн тухай хуульд заасан. Энэ дээр дахиад л сул тал гарч ирж байгаа юм. Ийм цөөхөн хоногт гурваас дөрвөн аймагт, эсхүл том дүүргүүдэд олон сонгогчийн дунд сурталчилгаагаа хийх шаардлага нэр дэвшигчдэд үүсч байна. Тэрийг хэн хийж чадах вэ гэхээр Засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд намын анхан шатны нэгж нь байдаг улс төрийн намууд. Өөрөөр хэлбэл, сум, багуудад намын хороо, үүр нь байдаг намуудад давуу тал болно гэсэн үг.

Эсвэл ухуулагчаа олон байлгаж, сонгуулийн кампанит ажилдаа маш их мөнгө зарлагадаж чадах нэр дэвшигчдэд ашигтай. Жишээлбэл, тухайн тойрогт буй өрх бүрээр орж сурталчилгааны материал тараах, тэдэнтэй уулзана гэвэл 18 хоногт ер нь л боломжгүй.

Манай улс өмнөх сонгуулиудын сурталчилгааг 18, 21 хоногт хийгээд явж байсан. Тэр үеэс сонгуулийн тойргийн газар нутгийн хүрээг нь томсгосон хэрнээ сурталчилгааны хоног хэвээрээ байна гэдэг учир дутагдалтай. Энэ жил анх удаа нэр дэвшиж байгаа нэр дэвшигч сонгуулийн кампанит ажил эхлэхэд сурталчилгаагаа эхлүүлэх, өмнө нь хоёр удаа сонгогдож олон жил тойргоо усалсан гишүүн хоёрын хооронд ялгаа маш их.

Үүнээс харахад сонгуулийн үр дүн тодорхой хэмжээнд шийдэгдчихсэн байхыг үгүйсгэхгүй. Эрх баригч нам нэлээд хэдэн хувиа халаасандаа хийчихсэн мэт дүр зураг ажиглагдаж байна.

-Утаа, түжрэл, хулгайн асуудлуудаас болоод ирэх сонгуульд ялах магадлал бага байгаа учир эрх баригч нам өөрсдөдөө ашигтай хувилбар зурчихлаа гэж харж буй хүмүүс байна?

-Улс төрчид шударга бус зүйлтэй холбогдоод байгаа нь маш том асуудал. Үүнд аль нэг намыг шууд буруутгах боломжгүй. Гэхдээ эрх барьж буй намд аль ч цаг үед ийм шүүмжлэл ирсээр байх болно. Аль ч нам Засгийн эрхийг барьсан шүүмжлэл дагуулна.

Харин манай намууд улс төрийн манлайлал үзүүлж, мөнгөний сонгуулиас татгалзах, авлигын асуудалтай холбогдсон улс төрчид болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийг өндөр албан тушаалд томилохгүй байх, залуучууд эмэгтэйчүүдийг улс төр, шийдвэр гаргах түвшинд ороход нь дэмжих зэрэг чиглэлд ажиллах хэрэгтэй байна.

Б.ХОНГОРЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу