Эквадор улсын Ерөнхийлөгч Даниэль Нобоа 22 гэмт бүлэглэлийг “террорист бүлэглэл” гэж зарласны дараа Мягмар гарагт тус улсад хүчирхийллийн олон хэрэг ар араасаа цувран гарчээ. Тухайлбал, зэвсэгт этгээдүүд тус улсын телевизийн суваг руу дайран орж, халдлага үйлдсэн байна.

Цагдаа нар, шууд нэвтрүүлгийн үеэр “TC” телевизийг эзлэн авсан 13 зэвсэгт этгээдийг баривчилсан бол өөр газар долоон цагдааг хулгайлж, Эквадор улс даяар хэд хэдэн дэлбэрэлт болжээ.

Нобоа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хар тамхины наймаатай холбоотой хүчирхийллийг таслан зогсоохоо амалсан. Мөн шоронгийн хүчирхийлэл, тухайлбал хоригдлууд харуулуудыг барьцаалсан, амралтын өдрөөр “Лос Чонерос” бүлэглэлийн толгойлогч Адольфо Макиас оргосон зэрэг хэрэгтэй холбогдуулан 60 хоногийн онц байдал зарласан.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гарагт гаргасан тогтоолдоо “дотоодын зэвсэгт мөргөлдөөн”-ийг хүлээн зөвшөөрч, “Лос Чонерос” зэрэг 20 орчим бүлэглэлийг “террорист бүлэглэл” гэж тодорхойлсон байна.

Тус улсын Засгийн газраас “Энэхүү хүчирхийлэл нь Нобоагийн өндөр хамгаалалттай шинэ шорон барьж, шоронд хоригдож буй гэмт бүлэглэлийн удирдагчдыг шилжүүлэх төлөвлөгөөний хариу үйлдэл” гэж мэдэгджээ.

Эквадорын Зэвсэгт хүчний нэгдсэн командлалын тэргүүн, адмирал Хайме Вела Ерөнхийлөгч Нобоа болон албаны бусад хүмүүстэй аюулгүй байдлын асуудлаар уулзсаныхаа дараа “Үндэсний засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шийдвэрүүд эрүүгийн ертөнцөд ноцтой нөлөөлж, ард иргэдийг айлгах хүчирхийллийн давлагааг гааруулсныг өнөөдрийн үйл явдал харууллаа” гэж хэлжээ.

Эквадорт гэмт бүлэглэлүүдийн томоохон удирдагчдыг шоронд хорьсон нь хүчирхийллийг даамжруулсан түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд олон зуун хоригдол амиа алджээ.

Тус улсад болсон эмх замбараагүй байдлын улмаас Перугийн Засгийн газар Эквадортой залгаа хил дээр онц байдал зарлахад хүрсэн бол Бразил, Колумб, Чили улс Эквадорын Засгийн газрыг дэмжихээ илэрхийлсэн байна.

 Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу