БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг тус улсын гол дайсан гэж нэрлээд, “Тэдэнтэй дайтахаас зайлсхийх бодолгүй байна” хэмээн хэлснийг тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд Лхагва гарагт мэдээлэв.

Хойд Солонгосын албан ёсны төв мэдээллийн KCNA агентлаг “Ким өнгөрсөн Даваа, Мягмар гарагт зэвсгийн томоохон үйлдвэрүүдэд шалгалт хийх үеэрээ Умардын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөдийг устгана хэмээн сүрдүүлсэн” гэж мэдээлжээ.

Ким Жон Ун БНСУ-ыг өөрсдийн гол дайсан гэж тодорхойлоод, “БНАСАУ дайсагнагч улстай харилцахдаа нэн тэргүүнд тавих ёстой зүйл бол “өөрийгөө хамгаалах болон цөмийн дайнаас хамгаалах цэргийн чадавхыг бэхжүүлэх явдал юм” гэж хэлжээ. KCNА ийнхүү мэдээлэхдээ хоёр улсын албан ёсны нэршлийн БНСУ, БНАСАУ гэсэн товчлолыг ашигласан байна.

KCNA мөн Ким Жон Ун “Бид дайныг эхлүүлэхгүй, гэхдээ дайнаас зайлсхийх бодолгүй байна” гэж мэдэгджээ. Тэрбээр тус улсын үйлдвэрүүд шинэ төрлийн зэвсэг, техник үйлдвэрлэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, байлдааны бэлэн байдлыг улам дээшлүүлэхийг үүрэг болгосон” гэж мэдээлэв.

Албаны хүн “Засгийн газар Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад тууштай хариу өгөх болно. Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэх аливаа оролдлого нь эцсийн дүндээ Хойд Солонгосын дэглэмд хохирол учруулна” гэж хэлжээ.

Ким Солонгос хоорондын харилцааг “хоёр үндэстний бие биедээ дайсагналцсан харилцаа” гэж тодорхойлсон ч 2023 оны сүүлээр болсон намын хурлын үеэр “Өмнөд Солонгостой эвлэрэх, нэгдэхийг эрэлхийлэх нь утгагүй юм” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу