Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон Монгол дахь Америкийн худалдааны танхим, Европын худалдааны танхим болон бусад бизнесийн байгууллагууд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлж өнөөдөр (2024.01.11) хэвлэлийн хурал хийлээ.

МҮХАҮТ-ийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд өмнөх хуулиас ахиж сайжирсан зүйлүүд байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх маш том дохио болох учраас өнөөдрийн ийм эсэргүүцсэн байдлаар хандах нь зохисгүй. Хэлэлцэхгүйгээр буцвал гаднын хөрөнгө оруулагчдад маш буруу дохио болно.” хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: “Хууль эрх зүйн орчны асуудал яригдсаар л ирсэн. Хууль эрх зүйн орчин тогтворгүй байх нь урт хугацааны хөрөнгө оруулах аж аху нэгжид хүндрэлтэй байдаг учраас энэ удаагийн хуулийн төсөлд тусгасан байна.  Бас нэг ойлгомжгүй зүйл бол төрийн байгууллагуудын уялдаа холбооны ойлгомжгүй байдал. Засгийн газрын түвшинд яамдууд нь ойлголцдоггүй, засгийн газар нь орон нутгуудтай ойлголцдоггүй гэх мэт асуудал нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тогтворгүй болгодог. Мөн маргаан шийдвэрлэх тухай бүтэн бүлэг энэ хуульд тусгасан нь авууштай гэж дүгнэж байгаа.

Татварын хөнгөлөлттэй холбоотой заалтуудыг хассаныг бол дэмжихгүй. Бусад зүйл заалт нь тэр чигтээ хөрөнгө оруулалт, монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой хуулийн төсөл гэж харж байна. 

Хөрөнгө оруулагчид манай улсын үүдэнд  дугаарлаад зогсож байдаг юм биш. Дэлхийн 200 орон өрсөлдөж байж олж авдаг юм. Илүү их хөрөнгө оруулалт татахын тулд боломжоороо хөнгөлөлт, урамшуулал үзүүлж дэмжих хэрэгтэй. Мөн хуулийн төсөлд нэмж тусгах ёстой асуудлуудыг бид санал болгож байгаахэмээн байр сууриа илэрхийллээ. 

Мөн Британийн худалдааны танхимын төлөөлөл энэ талаар, “Монгол улс хөрөнгө оруулагч татаж буй байдлаараа нэлээд хойгуур ордог. Долоон жилийн өмнөх ярьж байсан эдийн засгийн төрөлжилт гэдэг зүйлээ ярьсаар л байна. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь тогтвортой байдал. Валютын ханш, хууль эрх зүйн орчин ч ялгаагүй тогтвортой байх нь чухал. Томоохон улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын тухай хуульд нэгдсэн санал бодолтой байгаасай гэж хүсэж байна. Сайтар боловсруулж баталбал ойрын хугацаанд хуульдаа дахин гар хүрэх шаардлагагүй болно. Гадаадын хөрөнгө оруулагчдын дуу хоолой, байр суурийг сонсож хамтарч ажиллавал олон улсын жишгээр доогуур яваа эдийн засагт өндөр ач холбогдолтой юм” гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Улаанбаатар хотын худалдааны танхимын захирал Б.Хаш-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл бол батлагдаад хэрэгжиж эхэлбэл монголын эдийн засгийг солонгоруулж хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зөвхөн эхний л алхам юм. Гаднын хөрөнгө оруулагчид гэлтгүй, дотоодын ч бизнес эрхлэгчдэд хамгийн чухал эрх зүйн орчныг бүрдүүлэх төсөл юм. Тиймээс цаашид ч өргөжин батлагдаад яваасай гэж хүсэж байна.

Илүү сайжруулах ёстой заалтууд ч байна, сайн боловсорсон заалтууд ч байна. Иргэд, олон нийтэд ойлгогдсон буруу ойлголт шиг зүйл биш. Энэ бол эдийн засагт хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал зүйл яригдаж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Үзэх:

А.САЙХАН
 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу