Каннын кино наадамд шалгарсан “Баавгай болох сон” УСК маргааш буюу нэгдүгээр сарын 12-ноос кино театруудын дэлгэцээр гарч эхлэх гэж байгаатай холбоотойгоор тус киноны уран бүтээлчид өнөөдөр (2024.01.11) хэвлэлийн хурал хийлээ.

Тус кино нь Каннын кино наадмаас хойш маш олон орны кино театруудын дэлгэцээр гарч, монгол найруулагчийн гайхалтай бүтээлийг түгээсээр буй. Өчигдөрхөн Франц Улсын 100 кино театрт нээлтээ хийсэн билээ.

Эх орондоо нээлтээ хийх буй уг киноны найруулагч П.Золжаргал, “Энэ бол монгол хүмүүсийн түүх, бодит байдлыг зурагласан бүтээл.  Хамгийн сайхан итгэл найдварыг, сайн сайхан өөрчлөлтийг монголчууд маань илүү мэдрээсэй гэж хүсэж байна. Киногоор дамжуулж бид утаагаар биш ядуурлаар амьсгалж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн. Миний хувьд утаанаас ангижрах шийдэл бол хүүхэд болгонд чанартай сайн, тэгш боловсрол олгох юм. Ингэснээр ядуурлаас хамгийн хурдан гарна. Гэхдээ энэ боломж хүүхэд болгонд олдож байгаа юу гэдгийг энэ киногоор дамжуулж асуухыг хүссэн. Хэрэв сайн боловсрол эзэмшвэл боловсролтой хүн болно.” хэмээн ярьсан юм.

 “Баавгай болохсон” УСК нь 20 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүний дэмжлэгтэйгээр бүтжээ. Зураг авалт Дэнжийн мянгад хийгдэж, 30 монгол уран бүтээлч оролцсон бөгөөд өнгө засалт, дууны найруулга, эвлүүлгийн ажил нь Парис хотод хийгджээ. Монгол, Катар, Швейцар, Франц дөрвөн улсын хамтын ажиллагаагаар бүтсэн кино юм.

Мөн энэхүү киноны дүрийн шалгаруулалтын тухайд найруулагч П.Золжаргал ярихдаа,

“Өмнө нь кинонд тоглож байгаагүй жүжигчинтэй ажиллахыг хүсэж байсан”

“Мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн би хүүхдүүдтэй ажиллаж чадна гэсэн итгэл байсан. Шалгаруулалтынхаа шаардлага дээр “гэр хороололд амьдарч байсан, гэр хорооллын амьдралыг мэддэг байх” гэж тусгасан.  Эдгээр хүүхдүүд маань ирээд шалгуулж байхдаа үнэхээр найруулагчийн зөвлөгөөг хурдан хүлээж авдаг, авьяастай хүүхдүүд байсан. Мөн Төгөлдөрийгөө Улиастайд байрлах “Ид шидийн орон”-д очиж шалгаруулалт хийж байхдаа таарсан. Хаалганы цаана нэг хүүхэд бусадтайгаа маш өөдрөг цоглог харьцаж байгааг хараад гарч уулзсан. Яг л миний хайсан хүүхэд мөн байсан” хэмээн ярилаа. 

Киноны гол дүрийн жүжигчин Ү.Батцоож: “Гэр хорооллын хүүхдүүдийн төлөөлөл болж энэхүү кинонд тоглосондоо баяртай байна. Өнгөрсөн түүхийнхээ дүрд тоглож, ирээдүйд хэн ч байж болох итгэл найдварын тухай кинонд тоглосондоо маш их баяртай байгаа” гэсэн юм. 

П.Золжаргал: “Баавгай болохсон” киногоор дамжуулж бид утаагаар биш  ядуурлаар амьсгалж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн ~ TOIM.MN -  ТОДОРХОЙ ТОЙМЛОНО

“Өнөөдрийн нийгэмд, ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа болоод хүүхдүүд ямар их боломжийг алдаж байгаа, эрх нь яаж зөрчигдөж байгааг хөндөхийг зорьсон. Агаарын бохирдол, архины хэтийдсэн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг харуулангаа шийдлүүдийг нь мөн давхар өгүүлсэн. Хэчнээн харанхуй нийгэмд байгаа ч тэндээс заавал гарна, сайн сайханд хүрнэ гэсэн гэгээн цайлган оршихуйтай хүүхдүүдийн тухай кино” хэмээн киноны уран бүтээлчид тодорхойлж байлаа.

Та бүхэн энэхүү киног маргаашаас (2024.01.12) эхлэн бүх кино театруудаар хүлээн авч үзээрэй. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу