Монгол Улс хөгжих ёстой, иргэд нь орлоготой байх ёстой гэж хамгийн их ярьдаг хүмүүсийн тэргүүн эгнээнд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бичигддэг. Оюу толгой гэх хоёрхон үгээр улс төр хийж явсан бол өнөөдөр тэдний аль аль нь Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайд болжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнд ингэж л итгэл хүлээлгэсэн байх юм. Харин итгэлийг хэрхэн зүтгэж хариулах нь тэдний асуудал.

2008 онд 1600 гаруй гадны хөрөнгө оруулагч нар Монгол Улсыг сонирхон Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж байсан бол өнөөдөр 70 хүрэхгүй хэмжээнд хүртэл буурсан статистик байна. Үүнд популист улс төрчид хавдар мэт хамгийн их хор уршиг дагуулсан. Гадны хөрөнгө оруулалтыг дээрэм гэж хардаг улстөрчид байгаа цагт Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт “0” зогсолт хийсээр байх болно. Монголчууд дороо хий эргэсээр байна.

Монгол Улсын Засгийн газар бодлогоо зангидан УИХ-д асуудлаа оруулж ирж, танхимын байр сууриа хамгаалдаг. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирснээр МАН, АН-ын популистууд амь орж гадны хөрөнгө оруулалтгүйгээр бид хөгжинө. Гадны цагаачид Монгол Улсыг харх мэт шимэгчилэх боллоо гэсэн утга бүхий зүйл ярьсаар байгаа юм.

Харамсалтай нь Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадны хөрөнгө оруулалт бүх салбарт орж ирэх ёстой. Монгол Улс хөгжих ёстой. Хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт ордог биш банк санхүү, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт л хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын гадаадын хөрөнгө оруулалт -8 хувь хүртлээ унасан шүү” хэмээн анхааруулж байгаа харагдсан.

2012 онд МАН-аас дэвших мандат олдоогүй тул УИХ-д бие даан дэвшин гишүүн болж байсан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун сайд нар өөрсдийн улс төрийг хийгээд эхэлж. Ардчилсан намаас А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжихгүй гэдгээ хэлчихэв. Тэдний хэлээд байгаа зүйлс нь гадны иргэд Монгол Улсад орж ирнэ гэдэг агуулга дээр нэгдэж байна. Гадны иргэд Монгол Улсад амьдрах виз авах нь Хөрөнгө оруулалтын хуулиар шийдэгдэхгүй. Гадаадын иргэний Эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэнэ гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлнэ лээ.

Сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр тойрог томсгон явуулах болсон нь нам харгалзахгүй улстөрчдийг популизм хийхэд хүргэж байна. Улс төр цаашид улам хална уу гэхээс утаа май нь намдана гэж байхгүй. Зөвхөн аймагтаа танигддаг байхад болно гэж итгэж ирсэн улстөрчид аймаг алгасан танигдахаас өөр сонголтгүй болчихлоо. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хазаар болох нь наад захын асуудал юм. Х.Болорчулуун сайд чуулганы танхимд Ч.Хүрэлбаатарыгаа Оюу толгойг хамгаалагч, олон жил түүн шиг хүмүүстэй тэмцэж байна хэмээн үгээ хэлж ээлжит популизмынхаа галыг өрдөв. Ч.Хүрэлбаатартай хөөцөлдөж, ноололдож сонгуульд оноо авах ажил эхэлсэн юмдаг уу даа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчийн асуусан “Засгийн газрын гишүүд нь танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байна. Засгаас өргөн барьсан хуулийн төслөө дэмжихгүй байна шүү дээ. Тэдэнд хариуцлага тооцох ёстой юу” хэмээн асуухад “Засгийн газрын өргөн барьсан хуулийг эсэргүүцэж байгаа сайд нарт хариуцлага тооцох ёстой” гэж хариулсан нь Х.Болорчулуун сайдын зэвүү, дургүйг нь зэрэг хүргэв бололтой.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу