УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.01.11) нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай болон Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ын тогтоолуудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Энэ  үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Энэ төслийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Бид үүнийг цаг алдаж хэлэлцэж эхэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хамгийн их хулгай, авлигал, мөнгө угаалт явагдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, олборлолт, нийлүүлэх тоног төхөөрөмж дагасан бизнесүүд ямар түвшинд хүрснийг нүүрсний сонсголоор харлаа. 800 тэрбумаас нэг их наяд төгрөгийн тендер зарлахад  стандартыг нь хангаж, тендерт шалгарах компани Монголд бараг байхгүй. Ганц, хоёрхон компани байна. Түүнийг шалгаруулахын тулд тендерийн стандартыг бууруулж, тухайн компанийн хүчин чадалд нийцүүлдэг болжээ. Энэ асуудал маш хүнд түвшинд хүрчихээд байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудаар их хэмжээний мөнгөтэй тендер зарлаад энэ нь хэрвээ асуудал үүсвэл ҮАБЗ-өөр зөвшөөрүүлчихдэг, эсхүл нууцын зэрэглэлд оруулчихдаг. Ийм буруу жишиг тогтчихсон байна. Энэ нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. 

Төрийн өмчит компаниудад хяналт тавьж, удирдлага менежментэд нь өөрчлөлт хийхгүй бол мөнгө угаах арга нь боловсронгуй болох магадлал өндөр байна. Засгийн газар энэ тал дээр анхаарч байгаа ч зарим асуудлыг ярьж байгаад гацчихаад байна. Тиймээс энэ тогтоолуудыг цаг алдалгүй хэлэлцэж гаргах нь төрийн мөнгийг хууль бусаар урсгадаг байдалтай хатуу тэмцэхэд туйлын чухал ач холбогдолтой. 

Сүүлийн үед дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид “Монголын төртэй өрсөлдөх хэцүү. Чадахгүй юм байна. Тендерийг нь авахын тулд авлигал өгөхгүй бол болохгүй” гэж байна. Тэгэхээр төр бизнест хутгалддаг явдлаа зогсоох ёстой” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу