Сайд тогтдоггүй нэг яамтай боллоо. Ямар ч хүн очсон тэгс гээд шилгээчихэж байгаа юм. 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН А.Ариунзаяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилж байлаа. Засгийн газрын бүтцээр түүнийг чөлөөлчихсөн. Гэхдээ гандан буурахгүй А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөх болж, одоо намынхаа Нарийн бичгийн дарга болчихсон Говь-Алтай аймагт нэр дэвших бэлтгэл базааж явна. Түүний оронд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Бүх юмны дарга юм уу” гэсэн нам дотроо ч бөөн хэл ам дагуулан сайдын суудалд тухалсан ч ганц сарын настай сайд хийгээд огцорсон. “Дааганаа биш дарвагараасаа болдог” гэдэг шиг угаасаа иргэдийн амьдралын түвшин доогуур байгааг мэдсээр байж “улны” хэмээн басамжилж байгаад сайд ч үгүй, нэр дэвших нэр нүүр ч үгүй болж үлдсэн байдаг.

“Монгол төрийн хатан ижий” хэмээн өргөмжлөгдсөн Д.Сарангэрэлийн оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайхан томилогдсон юм. Өөрийгөө бол шударга үнэний туйл болсон улстөрч хэмээн дөвийлгөж, түүнээс өөр шударга хүн байхгүй гэж зарим иргэд ч боддог болсон байж мэднэ. Гэвч энэ улс хуультай, хууль нь хэнийг  байсан үл харгалзан очдог гэдгийг харуулж Т.Аюурсайханы багийг хуулж эхэлж байна. Хамгийн шударга гишүүний ард хамгийн том хулгай явж байсан уу гэдгийг АТГ шалгаж байна. Ямартай ч Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр сайдын суудал, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Засгийн газар хүлээн авч байна лээ. Хамгийн ноцтой нь түүнийг нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын ажлаа ч өгчихсөн.

Одоо харин Т.Аюурсайханы оронд хэн сайдаар очих вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Бараг “хараагдсан” сайд хэмээн нэрлэгдэх болсон тус сэнтийд МАН-аас эмэгтэйчүүд голдуу хүмүүс хүсэлтээ илэрхийлээд байгаа бололтой. Олны ярианаас харахад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сайд болохоор хөдөлгөөн хийгээд эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болох хүсэлтэй ч удахгүй болох сонгуулийн өмнө ямар нэгэн сайд болохгүй л бол бусдаасаа хоцорч мэдэх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын марафонд ороод ирсэн байна. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нэр дуулдаж эхлэв. Эрхэм гишүүний нэрийг зориуд гэрэл цохиулах гэж сэвдэг үү, үнэхээр өөрөө бүх юмны дарга, сайд болох гэж зүтгэдэг үү үнэндээ мэдэх юм алга. Өмнө нь хэд хэдэн удаа сайдад горилогч нарын дунд нэр нь цохиж явсан түүний нэр дахин орж ирээд байна. Түүний хувьд МАН доторх хамгийн том фракц болох Сү.Батболдын талаас ганц эмэгтэй Их хурлын гишүүн нь. Тиймээс М.Оюунчимэгт боломж бий гэж харагдаж байгаа.

Дараагийн эрхэм бол УИХ-д хоёр удаа сонгогдож, Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Г.Мөнхцэцэг. Дээр нэр дурдагдсан хоёр гишүүний адил улс төрийн замыг туулаад буй түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болохгүй гэх газаргүй гэж байна. Эрх баригч намын зүгээс сайд намыг томилохдоо хоёр удаа сонгогдсон, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэх шалгуурыг тавьж байсан. Уг шалгуур хүчин төгөлдөр хэвээр байгаа бол дээрх гурван эмэгтэй бүгдээрээ шалгуурыг хангаад байна.

МАХН-аараа бооцоо тавьж, МАН-д нэгдсэн Н.Энхбаяр удтал томилгооны ард чимээгүй хоосон үлдэж ирсэн. Энэ удаа өөрийн “баруун гар” болох Б.Тулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зүтгүүлж байна. Түүнд өмнө нь Дэд сайдын суудал санал болгосон ч “голсон” байдаг. Тиймээс одоо л цаг нь болсон гэж үзэж байгаа бололтой. 

Сайд тогтдоггүй яамыг хэн тэргүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийднэ. Ирэх сонгууль өнгөртөл ирж байгаа сайд нь солигдохгүй байхыг хүсье.

Э.БОЛД

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу