УИХ-ын ес дэх удаагийн сонгууль зургаан сарын дараа болно. Энэ удаагийн сонгууль жалганы улс төрөөс салж анх удаа 3-4 аймаг, 2-4 дүүргийг нэгтгэн бүсчилж тойрог хэлбэрээр сонгууль болохоор тогтсон ч шинэ залуу улс төрчид улс төрд орох боломжгүй, ижил гараанаас өрсөлдөх эрх зүйн боломж бүрдээгүй талаар улс төр судлаачид болон хуульчид ярьж байна.

Аймаг, сум, дүүрэг, баг, хороо бүрд намын үүрүүдтэй улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны 18 хоногт хүний олноор хүч түрэн сурталчилгаа хийх бол бусад “жижиг” намууд болон бие даан нэр дэвшигчдийн хувьд танигдах боломжгүй санал хураалтад оролцохоос өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Жишээлбэл, Төвийн бүс гэхэд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг нэгтгэн 10 мандаттай зургаадугаар тойрог болгосон. Ухаандаа МАН-аас 10, АН-аас 10 гэх мэтчилэн улс төрийн намууд өөрсдийн хүмүүсийг дэвшүүлснээр бүсчилсэн нэг тойрогт багадаа 40-50 хүн нэр дэвшин өрсөлдөх дүр зурагтай байна. Тэднээс иргэд сонголтоо хийнэ гэдэг өвсөн дундаас зүү хайхаас өөрцгүй болно.

Бүсчилсэн тойрог хэлбэр нь Монгол Улсын бүсчилсэн хөгжилд хэрэгтэй гэгдэж байгаа ч аймаг бүрээ “базсан” улстөрчид хоорондоо нэгдэн тоглолт явуулах боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, Төв аймагт хамгийн нэр хүндтэй улс төрч болох М.Энхболд нэр дэвшсэн дэвшээгүй хамгийн гол тоглогч байх юм. Төв аймгийн 62 мянган сонгогчдын саналыг авахын тулд МАН, АН, эвсэл, бие даагч гэлтгүй түүнээс тусламж гуйхаас өөр сонголт үгүй. Дархан-Уул аймагт УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “том” гэдгээ харуулсан. Тиймээс Дархан-Уул аймгийн 70 мянган сонгогчтой учраа олохын тулд хүссэн хүсээгүй Д.Хаянхярваад хадаг барьж очиж таарна. Гэх мэтчилэн цаашаа улс төр өрнөх юм.

Сонгууль нэгэнт бүсчилсэн хэлбэрээр явах тулд танихгүй бурханаас таньдаг чөтгөрүүдээ иргэд сонгоно. Харвард, Кембриж ярьсан шинэ залуу улстөрчдөөс илүү ХААИС, АШУҮИС төгссөн морь мал, бөх, дуучин ярьсан хүмүүс олонхийн санал авна. Эрчүүд нь улс төрд явж, эмэгтэйчүүд нь хүүхдүүдээ харах хэрэгтэй гэсэн үзэл давамгайлсан манайх шиг улсад эмэгтэй улс төрчид намын жагсаалтад л багтаж парламентад орохоос тойргоос сонгогдох боломж асар ихээр хумигдаж байна.

Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудыг нэгтгэн бүсчилсэн. Сурталчилгааны 18 хоногт нэр дэвшигчид яаж ч ажиллаад дөрвөн аймгийн бүх сум, багт хүрч ажиллаж чадахгүй нь тодорхой. Тиймээс танихгүй бурханаас таньдаг чөтгөр л ирэх сонгуульд ялалт байгуулах нь. Мөнгөтэй хүмүүсийн халз дуэль хэдэн тэрбумаар хэмжигдэхийг таах аргагүй байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу