Иргэний зориг Ногоон нам (ИЗНН) Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар өнөөдөр (2024.01.12) хэвлэлийн хурал хийлээ. Тус намын зүгээс “газрын асуудал тусдаа байхад заавал түүнийг сөхөж улс төр хийж байгаа нь буруу” хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар ИЗНН-ын дарга Б.Батбаатар: “Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Үүн дээр ИЗНН ил тод байр суурийг баримталж байна. Гадаадын хөрөнгө оруулалт монголд ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийг оруулж ирж байгаа болон эсэргүүцэж байгаа хүмүүс улс төрийн тоглоом хийж, нийгмийг хувааж талцуулж байгааг эсэргүүцнэ.

Шүүхийн зөв шударга тогтолцоо, монгол төгрөгийн ханш удаан хугацаанд тогтвортой байх нь хөрөнгө оруулалтыг татдаг. Ч.Хүрэлбаатар сайдын оруулж ирсэн төслийг хардаж байгаа. Өмнө нь гурван удаа орж ирээд буцсан төсөл оруулж ирж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөшиг татаж байгаад нэгнийхээ булхайг халхалдаг энэ үйлдлээ болих хэрэгтэй. Хулгайч нар унасан нэгнийгээ татаж босгох арга гэж харж байгаа учраас нийгмийг талцуулахаа зогсоо” гэлээ.

Мөн ИЗНН-ын даргын зөвлөх Ц.Амгалан: Үнэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль юм бол Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах, хөрөнгө оруулалт татах зүйлийг хөндөх ёстой. Асуултын эрэмбийн хувьд хамааралгүй зүйлийг  улс төр болгож хоёр нам ярьж байгаа нь өөрөө сонгууль дөхсөнтэй холбоотой байх. 

Хөрөнгө оруулалтын хуулийг заавал газартай холбож өндрийг авхуулж байна. Гадаадын иргэнд тийм олон жилээр эзэмшүүлж болохгүй нь зөв. Газрын тухай асуудал нь тусдаа байх ёстой. Үүнийг л сөхөж гаргаж ирээд улс төр хийгээд байгааг л эсэргүүцэж байна” гэсэн юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу