АН-ын гишүүд өнөөдөр (2025.01.12) Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, Лу.Гантөмөрийг огцрохыг шаардан хэвлэлийн хурал хийлээ. 

Энэ үеэр АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг байгууллагууд нь хуралдаагүй байхад Х.Баттулга болон түүнийг тойрсон УИХ-ын гишүүд, намын дэд дарга нар гээд нөлөө бүхий албан тушаалтнууд Хөрөнгө оруулалтын тухай хуульд эсэргүүцсэн байр суурийг илэрхийллээ. Мөн манай намын дарга Лу.Гантөмөр цахим хуудаст байр сууриа илэрхийлж, Х.Баттулгатай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Энэ нь АН-ын үндсэн байр суурь мэтээр иргэдэд ойлгогдлоо. Манай намын гишүүд тэднээс өөр байр суурьтай байгаа шүү. Монгол Улсад хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Энэ бүгдийг АН-ын гишүүд ойлгож байгаа. Үүнийг эсэргүүцэж байгаа нь хэсэг хүмүүсийн л эрх ашиг шүү” гэв.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Лу.Гантөмөр, Х.Баттулга нар одоо боль. УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдож, сайд хийчихсэн. Нүүрсний хулгай гэх мэт муу нэртэй бүх зүйлтэй холбоотой хүмүүс шүү дээ. Би бол үүнийг хувийн эрх ашиг гэж харж байгаа.

АН-ын улс төрийн шийдвэр гаргадаг байгууллагууд ямар ч шийдвэр гаргаагүй байхад ийм хариуцлагагүй байр суурь илэрхийлж буй Лу.Гантөмөрийг огцруулах ёстой. АН энэ сонгуульд Лу.Гантөмөр даргатай оролцвол ялагдах нь тодорхой юм байна. Бид арваннэгдүгээр сараас хойш хэлж байгаа. Дандаа дүрмийн бус үйл ажиллагаа явуулдаг учир энэ хүн огцрох гэж шаардаж байсан. Он гараад бүр сул дорой, фракцын эздийн захиалгад орсон хүн гэдгээ харууллаа. 

Мөн Х.Баттулга тэргүүтэй Хөх туг гэж фракц бий. Энэ бүлэглэлд байдаг АН-ын дэд дарга нарыг огцруулах шаардлагатай байна. Тиймээс Үндэсний бодлогын хороог яаралтай хуралдуулах санал авч, гишүүдийн гарын үсгийг цуглуулна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу