Dobu.mn  сайт энэ долоо хоногт (2024.01.08-12) нийтлэгдсэн онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.

Б.Эрдэнэдалай: Бүсчилсэн тойргийн хамгийн том сул тал энэ сонгуулиар илрэхээр байна

Монгол Улсын Их сургуулийн (МУИС) Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

–Бүсчилсэн тойргоос ярилцлагаа эхэлье. Энэ жилийн УИХ-ын сонгууль онцлогтой болно. Тэр дундаа манай улс түүхэндээ анх удаа бүсчилсэн том тойргоор сонгууль явуулах гэж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй холбоотойгоор сонгуулийн бүсчилсэн тойргийг санал болгож байна гэж эрх баригч нам гаргаж ирсэн. Үүнийг парламентад суудалтай намууд зөвшилцөж, сонгуулийн тойргийг бүсчилж томсгох тогтоолыг баталсан.

Ингэснээр газар нутгийн хувьд 3-4 аймгийг нэг, 2-4 дүүргийг нэг тойрог болгох зэргээр нэр дэвших гэж байгаа тойргийг том болгосон гэсэн үг. Нэг тойрог 3-10 хүртэлх мандаттай болсон. 10 мандаттай гэдэг нь тухайн тойргоос парламентын 10 гишүүн сонгогдоно гэсэн үг. Сонгуульд парламентад суудалтай улс төрийн гурван намаас гадна парламентад суудалгүй улс төрийн намууд дангаараа болон эвсэл байгуулаад нэр дэвших боломжтой. Мөн бие даагчид нэр дэвшинэ.

Тэгэхээр 10 мандаттай нэг тойрогт доод тал нь 50 орчим хүн өрсөлдөх тооцоо харагдаж байна. Ийм олон хүн нэр дэвшиж байгаа тохиолдолд тухайн тойрогт өмнө нь танигдсан хүн сонгогдох магадлал өндөр.

Үргэлжлэлийг: https://www.dobu.mn/?p=41636

 

С.Цэрэндулам: 2019 онд 10 машин цувдайнаас найм нь хаягддаг байсан, одоо огт хаягдахаа больсон 

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдээс гарсан малын гаралтай хог хаягдлыг тээвэрлэж, булж цэвэрлэдэг “Усан болор хангай” ХХК-ийн захирал С.Цэрэндуламтай уулзаж ярилцлаа. Тус компани 2015 оноос эхлэн малын гаралтай хог хаягдал тээвэрлэж эхэлжээ. Өдгөө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон “Эко тайхи” компанитай хамтран малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна.

-Монголчууд “Малаас хаях юу ч байхгүй” гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед малын гэдэс, цувдай идэхээ больж, хаядаг болсон гэх яриа хөвөрч эхэллээ. Бойноос хаягдлыг нь авдаг хүний хувьд танаас бодит мэдээлэл авах гэсэн юм. Хаягдал их гарч байна уу?

-Би хувиараа малын хаягдал цэвэрлэж байгаад 2017 оны үе Эмээлт орчимд ажиллаж эхэлсэн юм. 2017-2019 оны хооронд малын гэдэс, өөх маш их хаягддаг байлаа. Тухайн үед нийслэлийн хэрэгцээ хангагдчихсан байсан юм болов уу, 10 машин цувдайнаас найм нь хаягддаг байсан.

Бөөр, зүрхийг нь аваад, бусдыг нь хаядаг. Түүнийг нь бид ачаад, Морингийн даваа, Нарангийн хогийн цэгт өгдөг байсан юм. Харин 2020 оноос хойш хаягдал эрс багассан. Цувдай, толгой, шийрийг нь бүгдийг ченжүүд ирээд авчихдаг болсон.

Өөх огт хаягдахаа больсон. ААН-үүд өөхөө тусад нь хураагаад, нөгөөхийг нь хүмүүс ирээд авч байна. Тэр өөхөөр саван хийдэг болсон. Биднийг хүүхэд байхад боорцог хайрчихсан тосоор барааны саван хийдэг байлаа. Одоо бол өөхийг шууд л бойноос аваад янз янзын саван үйлдвэрлэж байна. Тиймээс одоо малын гаралтай хаягдал маш бага гарч байна.

Үргэлжлэлийг: https://www.dobu.mn/?p=41459

 

“Зохиолчийн урлан судлал бол дотоод ертөнцийнх нь хамгийн гүнд очих боломж юм”

Монголын Зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн баяр өчигдөр (2024.01.09) болж өнгөрлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль болон оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг тус тус гардуулсан юм.

Өдгөө 95 жилийн түүхтэй тус эвлэлийн гишүүд баярын хуралд оролцох үеэр “Утгын чимэг 2023” наадмын тэргүүн шагналт зохиолч МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт утга зохиол судлаач, Хэл бичгийн ухааны доктор, профессор Долгорын Цэнджавтай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр “Алтан өд” наадмын Утга зохиолын судлал, шүүмж төрөлд “Зохиолчийн урлан судлал” бүтээлээр тэргүүн байр, оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2023” наадмын тэргүүн шагналыг тус тус хүртээд буй юм.

-Танд түүхт 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Монголын шилдэг 17 сэхээтэн уулзаж, анхны утга зохиолын бүлгэмийг байгуулсан. Нарийн төлөвлөгөө зохиож, хөөцөлдөж босгож байсан хэд хэдэн хүмүүсийн дотроос С.Буяннэмэх хамгийн их нөлөөтэй нь гэж болно. Энэ өдөр бол бидний төрсөн өдөр, тулганы гурван чулууг тавьсан ийм өдөр юм.

Зохиолчдын эвлэл, байгууллага гэдэг бол Монголын нийгэм, соёлын ертөнцөд асар том үүрэг хүлээсэн оюун санааны, сэтгэл зүрхний байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дурсагдах сод хүмүүс, гарамгай сайхан зохиолчдыг төрүүлсэн байна. Уран зохиол нь бүх зүйлийн үндэс байдаг. Урлаг соёлыг хөгжүүлж, нийгэм, үзэл суртлыг ч өөрчлөх хүчтэй.

Үргэлжлэлийг: https://www.dobu.mn/?p=41466

 

МУГТ Л.Энхрийлэн: Хийж буй зүйлдээ дурлах л амжилтад хүргэх түлхүүр

“Эмээгийнхээ төрсөн өдрөөр дэлхийн медальтан болж, хамгийн том бэлгээ барилаа” хэмээн баярлаж, монголчуудаа омогшуулж чадсан охин бол Л.Энхрийлэн. Тэрбээр “Дэлхийн тамирчин” гэдгээ батлан харуулж, Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин болсон билээ.

Эдгээр амжилтуудыг том бэртэл, гэмтлийн дараа богинохон хугацаанд гаргасан нь түүний хичээнгүй байдал, бэлтгэлдээ үнэнч, амжилтдаа амташдаг чанартай нь холбоотой. Олны итгэлийг алдалгүй хоёр жил дараалан ДАШТ-ий медальтан болж чадсан түүнийг Монголын ард түмэн олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж хүлээж буй.

Л.Энхрийлэнтэй Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ хүртээд удаагүй байхад нь ярилцсанаа хүргэе.

 “ДЭЛХИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР САНДАРЧ БАЙГААГҮЙГЭЭРЭЭ САНДАРСАН”

 -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн хэмээн дуудуулж, Монгол Улсын төрийн тэргүүнээс гавьяат тамирчин гэсэн алдар хүндтэй цол хүртсэн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

 -Дэлхийн дэвжээн дээр гарахдаа сандарч байгаагүйгээрээ сандарсан. Инээдтэй, хөгтэй явдал ч болсон. Дөрөв дөрвөөрөө сандал эгнүүлээд, би хойд талаасаа хоёр дахь эгнээнд суусан. Намайг дуудах мөч дөхөх тусам хэлэх үгээ бодож, улам их сандарсан. Цэргийн хүн болохоор цол тэмдэг авахдаа ёсолж, үг хэлдэг. Миний шагнал хүртэх ээлж ч ирж, Ерөнхийлөгчийн өмнө очиж ёслох гэтэл хойшоо хөл алдаад, бөөн инээдэм болсон. Цол, тэмдгээ хүртэж байх мөчид маш гайхалтай, гоё мэдрэмж төрсөн.

 -Ерөнхийлөгчид хандаж урт үг хэлсэн. Юу гэж хэлсэн бол гэдэг сонирхол их татсан.  Та яг юу гэж хэлсэн бэ?

 –Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч танаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэслэгч Лхагватогоогийн Энхрийлэн Монгол Улсын гавьяат цол хүртэхээр ирлээ” гэж илтгэсэн. Тэмдгээ авсныхаа дараа “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээсэн. Ерөнхийлөгч “Олимпын медальтан, олимпын аварга болоорой” гэсэн. Тэр үед би “Баярлалаа. Олимпын медальтан болно оо” гэж хэлж, инээсэн. Бид хоёрын гар барьсан агшны зургийг дарсан байсан.

Үргэлжлэлийг: https://www.dobu.mn/?p=41282

Г.Батсуурь: “Хилэнт эх” хэмээгч луу жилд ажил үйлс дэлгэрсэн сайн жил гарч байна

Монголчуудын эрт үеэс тэмдэглэж ирсэн уламжлалт сар шинийн баяр ирэх сард тохиож буй. Хаврын тэргүүн сарын уг баяраар монголчуудын дагаж мөрдөх ёсон, зурхайн зан үйл ихээхэн онцлогтой байдаг. Ирж буй луу жилийн өнгө төөрөг болон зүг мөрөө гаргах, засал ном хийлгэх ёсны тухай Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Г.Батсуурьтай ярилцсанаа хүргэж байна.

-Ирж буй луу жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?

-Энэ жил арван долоодугаар жарны 38 дахь жил буюу модон луу жил гарч байна. Хоёрдугаар сарын 10-нд шинийн нэгэн тохиож буй бөгөөд төгс буянт монгол зурхайн ёсоор ийн тоолсон байна.

“Хилэнт эх” хэмээгч модон луу жилийг шороон үхрийн зурлагаар шинжвэл, үхрийн эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй. Амаа ангайж, сүүлээ зүүн тал руугаа шарвасан байдалтай. Шороон үхрийн биеийн өнгөөр тариалан хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг аж. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг байна.

Үхэр хариулаач хүүгийн хувьд нэг гутлаа өмсөж, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр барьж, яаран гүйж яваа дүртэй. Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст тогтуун, залууст машид ширүүн жил байх шинжтэй.

Зурхайн ухаанаар гарч буй жилийн ерөнхий байдлыг шинжвэл улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай, өндөр газар ай сав голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй.

Үргэлжлэлийг: https://www.dobu.mn/?p=41146

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу