Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгууль тойргуудыг бүсчилсэн хэлбэрээр санал авч байгаагаараа өмнөх сонгуулиудаас онцлог болж буй юм. Одоогийн дүр зургаас харвал, сонгогчид өөр аймгийн нэр дэвшигчдийг төдийлөн таашааж саналаа өгөхөөргүй харагдана.

“Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” хэмээн МАН, АН-ын аль алиных нь нэр дэвшигчийг хамгийн түрүүнд дугуйлснаар тэдний араас бусад аймгийн нэр дэвшигчид орж ирж таарах байх. Шинэ залуу улстөрч болон бие даан нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн тойргийн гадна хөсөр хаягдаж мэднэ.

Сонгуулийн сурталчилгааны 18 хоногт аймаг алгасан сум, багт хүрч ажиллаж чадахгүй тул аймаг, сум, баг бүрд намын үүртэй МАН, АН-ынханд энэ удаагийн сонгууль давуу байдал бий болгож өгч байгаа юм.

Үндэсний цөөнх амьдардаг гэдэг утгаараа 69.241 сонгогчтой Баян-Өлгий аймгийг бүсчлэлийн гадна үлдээж, гурван мандатыг хөндөөгүй. Тэгэхээр Баян-Өлгийнхөн сонгуулийн тулааны гадна үлдэж байна. Харин баруун бүс буюу Ховд 56.652 сонгогчтой, гурван гишүүнтэй, Увс 52.503 сонгогчтой, гурван гишүүнтэй, Говь-Алтай 37.447 сонгогчтой, хоёр гишүүнтэй, Завхан 46.839 сонгогчтой, хоёр гишүүнтэй аймгуудыг нэгтгэн 10 мандаттай байхаар бүсчилсэн.

Хамгийн бага сонгогчтой Говь-Алтай аймаг энэ удаагийн парламентад төлөөлөлгүй болох эрсдэл үүсээд байгаа юм. Ховд, Увс аймгийн сонгогчид нутгийн нэр дэвшигчдэдээ саналаа өгч, хаяа дэрлэсэн хажуу аймгийн сонгогчдодоо санал өгснөөр Говь-Алтай аймаг парламентад төлөөлөлгүй үлдэх эрсдэл бий болов. Мөн одоо хоёр гишүүнтэй Завхан аймаг парламентад нэг гишүүнтэй болж мэдэхээр байна. Аймгуудын сонгогчдын тоо маш чухал гэдэг нь үүнээс харагдана.

Хангайн бүсэд парламентад гурван суудалтай Архангай 60.971 сонгогчтой, мөн гурван суудалтай Өвөрхангай 74.950 сонгогчтой, УИХ-ын дарга Г.Занданшатарын тэргүүлдэг Баянхонгор аймаг парламетад гурван суудалтай ч 56.393 сонгогчтой тул нэг мандатаа алдах бодит эрсдэл бий болов.

Дараагийн бүсчлэл нь парламентад гурван суудалтай, 88.381 сонгогчтой Хөвсгөл, гурван суудалтай, 71.262 сонгогчтой Орхон, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар гишүүдтэй, 40.759 сонгогчтой Булган аймаг юм. Хөвсгөл, Орхон аймгийн сонгогчдын саналаас хэт хол хаягдсан Булган аймаг энэ удаагийн сонгуулиар парламетад төлөөлөх гишүүнгүй болохоор харагдаж байна. Булганы бурхан байсан ч бусад аймгуудаасаа өндөр санал авч чадахгүй бол яалт ч үгүй хээр гэрээ барьж, Хөвсгөл, Орхон аймгийн гишүүдээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа шийдүүлж магадгүй.

Төвийн бүс буюу Сэлэнгэ аймаг 71.335 сонгогчтой, гурван гишүүнтэй бол Дархан-Уул аймаг гурван гишүүн, 70.224 сонгогчтой. Харин гурван гишүүнтэй Төв аймаг 62.531 сонгогчтой. Нөгөө хоёр аймгаасаа 8000 гаруй сонгогчоор дутуу. Дархан-Уул аймгийн хувьд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байршдаг тул Сэлэнгэ, Дарханы сонгогчид амь нэгтэйгээр МАН, АН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөх магадлал өндөр. Тиймээс Төв аймгийн нэр дэвшигчдэд Сэлэнгэ, Дарханынхан хүнийрхүү хандах байх.

Хатуу гишүүнчлэлтэй намын хувьд гишүүдээрээ санал өгүүлэх ч намд харъяалалгүй сонгогчид нутгийнхандаа нам харгалзахгүй санал өгөхөөр байна. Сэлэнгэ, Дарханы иргэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, амьжиргааны хувьд Төв аймгийнхнаас эрс өөр. Морь мал, бөх ярьсан Төв аймгийнхан гурван мандатынхаа багадаа нэгийг нөгөө хоёр аймагтаа бэлэглэж мэдэхээр байна.

Тус бүрдээ гурван мандаттай байсан уг гурван аймагт нэг мандат нэмж журамласнаар 10 мандаттай болсон. Нөгөө талаасаа Төв аймгийн АН эв зүйгээ олсон бол Сэлэнгэ, Дарханы АН-ынхан дотоод асуудал ихтэй тул МАН-ынхан илүү олон суудал авах боломжтой юм.

Зүүн бүсийг парламентад гурван суудалтай, 51.419 сонгогчтой Хэнтий, хоёр гишүүнтэй, 52.914 сонгогчтой Дорнод, мөн хоёр гишүүнтэй, 41.012 сонгогчтой Сүхбаатар аймаг нарыг нэгтгэн бүсчилсэн. Нөгөө аймгуудаасаа 10 мянга гаруй сонгогчийн зөрүүтэй Сүхбаатар аймаг мөн нэг мандатаа алдах эрсдэл бий.

Эрх баригч МАН Хэнтий, Дорнодод сүүлийн хэдэн парламентад дараалан ялалт байгуулсан. Цөөн сонгогчтой Сүхбаатар аймгаас АН-ын Н.Ганибал, Ж.Батсуурь нар гишүүн болсон бол ирэх сонгуульд МАН давамгайлах нь гарцаагүй харагдаж байгаа юм.

Говийн бүсэд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэсэн. Хамгийн олон сонгогчтой Өмнөговь аймаг 47.799 сонгогчтой бол Дорноговь 45.553 сонгогчтой. Харин Дундговь аймаг 30.466 сонгогчтой, Говьсүмбэр 11.058 сонгогчтой. Говийн бүсээс долоон гишүүн сонгогдох учиртай. Өмнөговь, Дорноговь аймгийнхан саналаа багцалснаар Дундговь аймаг хоёр мандатынхаа нэгийг алдах бодит эрсдэл үүсээд байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу