Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан хар шүдлэн үрээ түрүү магнайд хурдалсан билээ.

Морь бариач тасарч ирсэн эхний хоёр үрээг тосохдоо Э.Улаанхүүгийн хар үрээний өмнүүр хөндөлсөж орсноор уралдааныг будлиулсан юм. Морь бариачийн эл үйлдлээс болж Э.Улаанхүүгийн хар үрээг аман хүзүүнд орсон хэмээн үзсэн. Наадамчин олон эл шийдвэрийг эсэргүүцэж, эцэст нь морины комисс түүний хар үрээг түрүүлсэнд тооцсон. 

Хар үрээний эзэн Э.Улаанхүү наадмаас хойш олны анхаарлыг ихэд татав. Тэр “Уяачид дуулж байна” улсын анхдугаар уралдаанд оролцож байжээ. Түүний тэмцээнд оролцохдоо дуулсан “Тод магнай” дуу цацагдаж, “гайхашруулсан”. Үүний дараахан тэр Айрагны баярт оролцож,  МУГЖ, дуучин С.Цогтсайхантай бооцоотой дэмбээдэн, 10 сая төгрөг хожиж байв.

Энэ удаад тэр өнгөрөгч Баасан гарагт (2024.01.12) болсон сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолтод оролцлоо. Тэр “LookTV” багт тоглож, тоглолтын үеэр гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэн, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. 

Тоглолтын завсарлагаанаар түүний сэтгэгдлийг сонслоо. 

-Бүх оддын тоглолтод оролцох саналыг хэзээ хүлээж авсан бэ?

-Завханд явж байхад над руу утасдсан юм. Тэгэхээр нь хүрээд ирсэн. Бэлтгэл бараг хийгээгүй.

-Хүүхэд насандаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байв уу?

-Тийм ээ. Сургуульд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тэрнээс хойш ер тоглоогүй.

-Эхний хагас тоглоод дуусчихлаа. Талбай дээр олны өмнө гарч тоглож буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би ард түмнийхээ хайр ивээлийг хүртэж яваа хүн. Өнөөдөр орой тэдэнтэйгээ уулзах сайхан байна. Омогшил төрж, маш сайхан санагдаж байна. Бас биеэ барьж, сандардаг юм байна. Өөрөөрөө байж чадахгүй л байна.

Нийт сагсан бөмбөг сонирхогчид болон түмэн олондоо шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ ондоо эрүүл энх, аз хийморьтой сайхан байгаарай. Төр нь түвшин амгалан, ард түмэн нь эрүүл энх сайн сайхан байх болтугай.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу