Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жил их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог шинэчлэн тогтоосон билээ. (Босго оноог ЭНД дарж харна уу)

Ингэхдээ зарим мэргэжлийн босго оноог бууруулж, зарим мэргэжлээр элсэхийн тулд шалгалт өгсөн байх шаардлагатай хичээлийг өөрчилсөн байгаа юм. 

Тиймээс энэ талаар бид БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа. 

-Энэ жил их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог харлаа. Өнгөрсөн жил их сургуулийн босго оноо 480, дээд сургуулийнх 440 байсан. Гэтэл энэ жил мэргэжлээр нь ангилж, багш мэргэжлийн босго оноог бууруулсан байна. Яагаад бууруулсан юм бол?

-Бууруулсан нь үнэн. Гэхдээ бүгдийг нь биш. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, дүрслэх урлагийн багш гэх мэт эрэлmтэй байгаа мэргэжлийн босго оноог л 440 болгож байгаа юм.

Ингэснээр тухайн мэргэжлээр суралцах чин хүсэлтэй ч оноо нь хүрэхгүйн улмаас сурч чадахгүй байгаа хүмүүст тусална.

Жишээ нь, хүүхдэд маш их хайртай, цэцэрлэгийн багш болохыг хүсдэг ч шалгалтын оноо нь хүрэхгүйн улмаас сурч чадахгүйд хүрэх тохиолдол бий.

Мөн нөгөө талаас эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах боловсон хүчин нэмэгдэж, энэ салбар хүний нөөцийн дутагдалгүй болно гэж харж байгаа.

-Анагаахын чиглэлээр их, дээд сургуульд элсэхийн тулд заавал математикийн шалгалт өгөх юм байна гэж харсан. Эмчээр сурахын тулд заавал математик өгөх үү?

-Үгүй. Сайн харвал тэр хүснэгтэд ЭЕШ-1, ЭЕШ-2 гэсэн багана байгаа. ЭЕШ-1 багана дахь хичээлээс нэгийг, ЭЕШ-2 гэсэн багана дахь хичээлээс нэгийг өгч болно. 

Жишээ нь, Тэр хүснэгтэд нүүр ам судлал мэргэжлээр их, дээд сургуульд элсэхийн тулд

  • ЭЕШ-1 баганад Хими, Математик
  • ЭЕШ-2 баганад Биологи, Физик гэж тусгасан байгаа. Тэгэхээр хими, биологи гэсэн хоёр хичээлээр шалгалт өгч болно гэсэн үг. 

Ийм зохицуулалт хийхгүй бол хувийн сургуулиуд оюутан элсүүлэхдээ тухайн мэргэжилтэй нь ямар ч холбоогүй хичээлийн оноог тооцоод оюутан элсүүлэх тохиолдол гараад байсан юм. 

Анагаахын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургууль түүхийн хичээлийнх нь оноог тооцоод оюутан элсүүлсэн байх жишээтэй. 

-2024 оноос элсэлтийн ерөнхий шалгалтыг таван хичээлээр авдаг болно гэж Боловролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн. Энэ ирэх жил хэрэгжих үү?

-Тийм ээ. 2024 оноос таван хичээлээр шалгалт авахаар төлөвлөж байна.


Сануулахад, 2022 оны арваннэгдүгээр сард Боловсролын ерөнхий газраас хэвлэлийн хурал хийх үеэр Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “Ирэх 2023 оноос эхлэн Математик, Монгол хэл, Англи хэл, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэсэн таван хичээлийг шалгуулагч бүр заавал өгдөг систем рүү шилжинэ. Үүн дотроо хичээл тус бүр I, II гэсэн сонголттой байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт байдаг Заавал судлах, Сонгон судлах гэсэн агуулгын хүрээнд явагдана. 

Тухайлбал, Математик-I нь заавал судлах агуулгын хүрээнд даалгавар боловсруулна. Математик-II нь Сонгон судлах агуулгын хүрээнд материал бэлдэж, авна гэсэн үг.

Ингэснээр Математикийг суурь хичээл болгож их, дээд сургуульд суралцах гэж байгаа хүүхэд Математик-II буюу Сонгон судлах агуулгын хүрээнд шалгалт өгнө. Математикийг дагалдах хичээл болгож суралцах гэж буй хүүхэд Математик-I буюу заавал судлах агуулгаар шалгалт өгнө гэсэн үг” гэж ярьж байв. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу