Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мазаалай” олон Улсын мөсний наадам (The Mazaalai International Ice and Snow Festival)-ын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 14-ний Ням гаригт зохион байгуулав.

Энэ хүрээнд Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

“Мазаалай” олон улсын мөсний баярын нээлтийн онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилт тогтоосон явдал байв. Өөрөөр хэлбэл, 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилт тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэв.

Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүж, Гиннесийн рекордыг тогтоосон 408 хүнд талархал илэрхийлсэн байна.

The Mazaalai International Ice and Snow Festival “Скай Резорт” цанын баазын талбайд байрлаж буй бөгөөд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоосон 12 метр өргөнтэй, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал гэх мэт бусад бүтээлүүд бий аж.

 ”Мазаалай” мөсөн цогцолборт нэгдүгээр сарын 28-ныг хүртэл өдөр бүр урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу