Дэлхийн хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий бизнес эрхлэгчид бие биенээсээ өрсөн, Монгол Улсад хөрөнгө оруулах гэж хичээнгүйлэн “зүтгэж” байсан цаг үлгэр мэт тэртээд жаргаж. Тэд Монголоос нүүр буруулснаас хойш даруй 12 он улирч, улс орны өдгөөгийн удирдагчид хөрөнгө оруулалт татах гэж хэрэндээ л чардайж байна.

Оршилд “нурших” заалтууд

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 4-д “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тусгасан.

Уг зорилгыг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шат (2021-2030)-нд “Нэгд, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдсэн байна”, мөн “Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн байна”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.3-т “Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зохицуулалтын орчныг сайжруулна” гэж тус тус заасан билээ.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 5.2.3-т “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшинэ,

УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.3-д “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул, уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Энэ дагуу УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 5 дугаар хавсралтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан билээ.

Хөрөнгө оруулалтын урсгал татарсан он жилүүд

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2015 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаас шууд хамаарч буй. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг ба хөдөө аж ахуй, боловсруулах, барилга, худалдаа зэрэг салбарын үйлдвэрлэлийг хувийн хэвшил дангаар бүрдүүлж байгаа билээ.

Монгол Улсад 1990-2022 оны байдлаар нийт 39.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс 72 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт хийгджээ. Бусад салбарууд нийлээд 17 хувийг эзэлж буйгаас харахад гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч буйн тод жишээ юм.

“Оюутолгой” төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5486 аж ахуйн нэгж татан буугдсаны 33 хувь нь 2010-2022 онд үүд хаалгаа барьсан байна.

Сүүлийн гурван жилийн дунджаар аж ахуйн нэгжийн төлсөн нийт татварын 23 хувийг буюу 2.63 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүрдүүлсэн бол 2022 онд 16 хуь буюу 2.4 их наяд болж буурчээ.

“Оюутолгой” төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлжээ. Гэвч нийт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй хэвээр байгаа юм.

100 мянган ам.долларын босгыг “халах”-ын учир

Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгож, хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.

Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран, шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцсон байна.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой зохицуулалт нь татварын хуульд тусгагдаагүй бол хэрэгждэггүй байсан. Иймд хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэдэг байсан тус зохицуулалтыг хасаж, аливаа татварын дэмжлэгийг зөвхөн татварын хуулиар зохицуулж байх холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг тодорхой болгосон байна. Тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хялбаршуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн цахимаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг “эзэмшүүлэх” үү

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найргуулгын төсөлд төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшуулал үзүүлж болно хэмээн заажээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулалд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус урамшуулал, ажлын байрны төлбөртэй холбоотой төсөл дэх зохицуулалт нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт. Түүнчлэн олон гишүүний лавлаж байгаа төсөл дэх “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт.

Улсын Их Хурлаас 2013 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн, “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасаж, бусад агуулгыг хэвээр төсөлд тусгасан” хэмээн тайлбарласан юм.

Хөрөнгө оруулагчдын хүлээлт ба хүсэлт

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс сонирхлыг нь татахгүй байгаа биш, анхаарлынх нь төвд бий. Яагаад Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байна вэ, дотоодын хөрөнгө оруулагчид яагаад эх орондоо илүү хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна вэ гэдэг асуулт олон жил хариулт нэхэж буй.

Үнэндээ гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахаас халширч, болгоомжилсоор байна. Эдийн засагчид, шинжээчдийн үзэж буйгаар, Монголд хөрөнгө оруулагчдын хувьд засаглал, хууль болон гэрээний хэрэгжилтийн асуудал тулгардаг. Маргаан шийдэгдлээ гэхэд шийдвэрийг нь гүйцэтгэж чаддаггүй.

Улс төрд нөлөө бүхий “дээрэмчид”, иргэний нийгмийн нэр барьсан “хуурамч эх орончид”, хариуцсан ажилдаа хайнга хандаж, санамсаргүй алдаа гаргадаг төрийн албан хаагчдын аль алийнх нь үйл ажиллагааны балгаар хөрөнгө оруулагчид үргэсээр байгаа юм.

Монголын бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тийм учраас одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар улс орны эдийн засгийг илүү төрөлжүүлж, хурдацтай хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чухал алхам болох билээ.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль биш, дотоод, гадаад аль алиных нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг зохицуулах багц хууль болохыг эдийн засагчид, шинжээчид онцолж буй юм.

Иймд “Эх орон” гэж цээжээ дэлдэгсэд, элдэв “өнгөтэй” бүлэглэлүүдээс айж эмээлгүй, хөрөнгө оруулалтын орчноо бататгаж чадахгүй бол бид дэлхийн өрсөлдөөнд ялагдаж, хөсөр хаягдах эрсдэл тун ойрхон байгааг анхааруулсаар байна.

Азгүй, бүтэлгүй он жилүүд алсарч, Монгол Усад хөрөнгө оруулагчдын цуваа үл тасраг ээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу