УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үнэ ханш, инфляцтай уяад бодоход “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021, 2022 оны ногдол ашгийг иргэддээ ямар нэгэн байдлаар хүртээх ёстой. Өмнөх онуудад ногдол ашиг хүртээх бололцоо байгаагүй гэсэн. Тэрийг ч харсан. Нэг хэсэг нь хулгайн замаар алга болсон, нөгөө хэсгээр нь өр зээлүүдийг төлсөн. Үүний хохирогч нь жирийн хувьцаа эзэмшигч иргэд болж байна. Бид иргэдээ хохироож болохгүй. 2021, 2022 оны хувьцааны ногдол ашгийг хүртээх талаар тооцоо судалгаа хийж байгаа юу. Үүнийг Үндэсний баялгийн сантай уялдуулаад зохион байгуулах бололцоо байгаа юм байна” хэмээн асуулаа. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт “Компанийн тухай хуульд санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэдэг. Эл хуулийн дагуу холбогдох шийдвэр гарах байх. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай, сайн ажилласан. Гэхдээ хуримтлагдсан өр, төлбөр өндөр байна. Ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгийн хэмжээ ямар байхыг хуульчилсан учир ирэх оны үйл ажиллагааны мөнгөн хөрөнгийн төлөвлөгөөтэй уялдуулаад, ТУЗ шийдвэр гаргана. 

2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох тухайд хэлэхэд, давуу эрхийн хувьцааг нөхөж олгодог. Гэтэл иргэдэд олгосон 1072 хувьцааны төрлийг нь тодорхойлоогүй. Компанийн бүртгэлд энгийн хувьцаа гэж явдаг. Цаашдаа үүнийг энгийн хувьцаагаар бүртгэхээр болсон. Тэгэхээр энгийн хувьцаанд ногдол ашгийг нөхөж олгодоггүй” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу