ОХУ-аас Израиль улсад суугаа Элчин сайд Анатолий Викторов “Россия-24” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “АНУ Йеменд цохилт өгч байгаа нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг улам хурцатгаж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр АНУ Йементэй зөрчилдөхийг эрмэлздэггүй гэсэн Цагаан ордны мэдэгдлийн хариуд “АНУ Йеменд цохилт өгч байгаа нь Ойрхи Дорнодод мөргөлдөөнийг өдөөх хүсэл биш юм бол өөр юу байх юу вэ” гэж асуусан байна. Үүний зэрэгцээ Викторов “Вашингтоны Йементэй холбоотой үйлдэл нь “гал дээр тос нэмж”, Америкийн албаны эх сурвалжийн бүх мэдэгдэлтэй зөрчилдөж байна” гэж хэлжээ.

АНУ, Их Британийн нисэх онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцууд руу халдсаар байгаа Йемений босогчид болох хутичуудын байрлалд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаргаас Баасан гарагт шилжих шөнө цохилт өгч эхэлсэн.

Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ходейда боомт хот болон Йемений нийслэл Сана хот дахь хутичуудын сургалтын бааз, зэвсгийн агуулахуудад нисэх онгоц, хөлөг онгоцууд болон шумбагч онгоцуудаас цохилт өгсөн байна. Сана хотод гурван ч удаа дэлбэрэлт болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа цохилт өгөхөөс өмнө Конгресст мэдэгдсэн байна. Мөн цохилт өгөхөөс хэдхэн цагийн өмнө хутичууд мэдэгдэл хийжээ.

Хутичуудын удирдагчдын нэг Абдулкадер аль-Мортада олон нийтийн сүлжээнд “Америкчууд, британичуудын аливаа заналхийлэл биднийг айлгаж байгаагүй, айлгах ч үгүй. Тэд биднийг Газын зурвас дахь ахан дүүсээ дэмжих үүргээ биелүүлэхээс татгалзахад хүргэж чадахгүй. Бидний байр суурь, бидний үйл хэрэг зөв гэдэгт итгэх итгэл үнэмшлийг улам бэхжүүлнэ” гэж бичжээ.

Хутичууд нэгдүгээр сарын 9-нд Улаан тэнгис дэх холбоотнуудын хөлөг онгоцуудад цохилт өгөхийг оролдож, далавчит болон баллистик ангиллын 20 гаруй пуужин харважээ.

Пуужингуудыг Америк, Их Британийн хөлөг онгоцууд, нисэх онгоцууд амдан сөнөөсөн байна. Энэ нь хутичуудын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нөөс хойш байлдааны болон худалдааны хөлөг онгоцууд руу хийсэн 27 дахь халдлага юм. Үүний дараа Лондон, Вашингтон хоёр хариу цохилт өгөхийг үгүйсгэхгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RUSSIA 24, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу