Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1761.4 сая ам.доллар буюу 19.0 хувь; эрдэс бүтээгдэхүүн 2140.3 сая ам.доллар  буюу 23.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1868.6 сая ам.доллар буюу 87.3 хувь); хүнсний бэлэн бүтээгдэхүүн 698.4 сая ам.доллар буюу 7.5 хувь; авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1682.1 сая ам.доллар буюу 18.2 хувийг эзэлж байна.

Мөн хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 359.7 сая ам.доллар буюу 3.9 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 861.0 сая ам.доллар буюу 9.3 хувь; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 514.7 сая ам. доллар буюу 5.6  хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 86.6 хувийг эзэлжээ.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 47.4 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 42.4 хувь, Туркэд 16.4 хувь, Японд 10.7 хувь, БНСУ-д 9.3 хувь тус тус ногдож байна. Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 39.7 хувь, БНХАУ-д 14.6 хувь тус тус ногджээ.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 170.0 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлсэн байна. Барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл, БНХАУ-д 68.4 хувь, Австрид 8.4 хувь, БНСУ-д 5.6 хувь, ОХУ-д 4.5 хувь тус тус ногджээ.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсний 44.4 хувийг АНУ-аас, 43.6 хувийг БНХАУ-аас, 5.3 хувийг Энэтхэгээс, 4.3 хувийг Австриас тус тус олгосон байна.

Нийт 133.9 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ. Барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 75.0 хувь, БНХАУ-д 20.7 хувь тус тус ногдож байна.

Монгол Улс дэлхийн 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.5 хувь, ОХУ-д 28.8 хувь, Япон-д 7.7 хувь, БНСУ-д 4.5 хувь,  АНУ-д 3.0  хувь, ХБНГУ-д 2.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.9 хувийг эзэлж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу