“Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” (ТНЗ) нийгэмд үйлчлэх ТББ-аас “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сэтгүүлчдийг давтан сургах, тодорхой сэдвээр мэргэшихэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр уул уурхайн салбарын хөгжил төлөвшлийн төлөө төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн редакциудыг чадавхжуулахад томоохон хувь нэмэр оруулдаг билээ.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд уул уурхайн чиглэлээр мэргэшин ажиллаж буй сэтгүүлчид сонгогдсон редакциудад бий болох бөгөөд цаашид уул уурхайн сэтгүүлчид байнгын харилцаа холбоотой байх, мэдлэг туршлагаа харилцан солилцох, хамтарч ажиллах нэг платформ болон өргөжих юм.

Хөтөлбөрийн хүрээнд нийт таван сарын хугацаанд таван удаагийн суралцах, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хөтөлбөрт Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шалгарсан редакцийн тогтвортой хөгжил, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчид (телевиз, сонин, сэтгүүл, сайт) хамрагдаж байна.

“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” 2024 оны 1-5 дугаар сар дуустал нийт таван сарын хугацаанд хэрэгжих бөгөөд эхний шат 2024 оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

Энэхүү арга хэмжээнд “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн харилцаа хариуцсан зөвлөх З.Болор оролцож, товч мэдээлэл өгсөн бол Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн зорилго, үе шат, сургалтын агуулгыг танилцууллаа.

Энэхүү сургалт семинарт Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор Х.Цэвэлмаа “Уул уурхай ба эдийн засгийн үр өгөөж” сэдвээр, ШУТИС-ийн багш, судлаач М.Дагва “Тогтвортой хөгжил ба чухал ашигт малтмал” сэдвээр, “Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Уул уурхайн салбарын олон улсын чиг хандлага: Чухал ашигт малтмал-геополитик ба нийлүүлэлтийн сүлжээ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, дэлхийн уул уурхайн өнөөгийн байдал, чиг хандлагын талаарх мэдээллээс сэтгүүлчидтэй хуваалцав.

Хөтөлбөрийн эхний шатны сургалтад Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа цахимаар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тодорхой сэдвүүдээр байр сууриа илэрхийллээ.

“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны сургалт олон улсын цахим сургалтаар үргэлжлэх бөгөөд Германы сэтгүүлч, сургагч багш Сара Шурманн “Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг удирдан явуулах юм.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу