Турк Улсын  газар хөдлөлтийн гамшгаас үүдсэн нөхцөлд ажилласан албан хаагчдад МУ-ын ерөнхийлөгч шагнал гардуулж байна.  Ёслолын үеэр гамшигт нэрвэгдсэн улс орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн төр засгаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн албан хаагчдад талархал илэрхийлсэн юм.

Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа.

 

Онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа голомтод үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ.

10 хоногийн хугацаанд Хатай хотын 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж,эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлсэн байдаг. Мөн аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

 Монгол Улсаас БНТУ руу илгээсэн хүмүүнлэгийн тусламж махан нөөш, 20 ширхэг иж бүрэн монгол гэр, лаа, хөнжилийн  хамтаар гардуулсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу