Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мазаалай” олон улсын цас, мөсний баяр (The Mazaalai International Ice and Snow Festival)-ын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдав. Бид энэ удаагийн сурвалжилгаа “Скай Резорт” цанын баазад нээлтээ хийсэн тус арга хэмжээнээс бэлтгэлээ.

Эх мазаалайг бамбаруушуудтай нь дүрсэлсэн, 5 метр өндөртэй цас мөсөн баримал энэхүү арга хэмжээний гол үзмэр байж, олны нүдийг хужирлав.

Нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх “Мазаалай” олон улсын цас, мөсний баярын нээлтийн арга хэмжээ 16.00 цагт эхэллээ. Нийслэлийн иргэд идэр есийн хүйтэн гэлтгүй үр хүүхдүүдээ дагуулан, гэр бүлээрээ энэхүү арга хэмжээг зорин иржээ. Бяцхан хүүхдүүдийн инээд хөөр цалгиж, хөгжилдөн тоглохыг хараагүй хэчнээн ч удсан юм бэ…

Монгол Улс олон улсын энэхүү арга хэмжээний үеэр нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулгуураар гулгаж, Гиннесийн дээд амжилт тогтоох зорилго тавьсан. Энэ хүрээнд 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар зорилгодоо хүрч, Гиннесийн дээд амжилт тогтоон, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн түүхэн үйл явдал болов.

Иргэд мөсөн гулгуураар гулгахын тулд тэвчээртэй гэгч нь дараалан зогсож, нэг нэгнээ хүндлэн, хэн хэндээ түвэг удалгүй гулгаж байгааг харах үнэхээр таатай байлаа.

“Скай резорт”-ын талбайд байрлах мөсөн баримлууд нарны гэрлийн тусгалд хачин гоё тунгалаг агаад гайхалтай олон өнгө цацруулан гэрэлтэж, иргэд хөөр баяр дүүрэн, жаргалтайхан харагдаж авай.

“The Mazaalai International Ice and Snow Festival” арга хэмжээнд Монгол Улсын нэртэй дуучид, уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөсөн юм. Энэхүү арга хэмжээ үдийн дараа хөгжөөн цэнгээнээр үргэлжлэв.

“МОНГОЛЫН ӨВЛИЙН ЭВЕНТИЙГ ЗОРИН ИРДЭГ ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО”

Бид Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд дарга Ц.Түвшинжаргалтай уулзаж, цас, мөсний баярын талаар тодрууллаа. Тэрбээр “Бид нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулгуураар гулгаж, Гиннесийн дээд амжилт тогтоох ажлыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нэгдүгээр сарын 14-ний өдрөөс нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. “Мазаалай” олон улсын цас, мөсний наадам үндсэндээ гурван хэсгээс бүрдэж байна. Үүнд: нэгдүгээрт, “Ховордсон мазаалай” арга хэмжээ болно. Энэхүү ховордсон амьтныг хамгаалах ажлыг сурталчлах, танилцуулах зорилготой. Хоёрдугаарт, Гиннесийн дээд амжилт тогтоох ажил зохион байгууллаа. Гуравдугаарт, Монгол Улсад анх удаа олон улсын мөсний сийлбэрчдийн тэмцээнийг тус тус зохион байгуулахаараа онцлог юм.

Энэ жилийн анхны тэмцээнд зургаан орны 12 баг, 24 тамирчин оролцсон. Тийм болохоор дараа дараагийн жилүүдэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлээд, Монголын өвлийн эвентийг зорин ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэх нь бидний хамгийн том зорилго.

Санхүүжилтийн хувьд энэ арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байна. Хувийн хэвшлээс “Таванбогд групп”, “Эм Си Эс групп” ивээн тэтгэгчээр оролцож байна. Мөн “Скай Резорт”, “Степ Арена” байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Нийслэлчүүдээ хүрэлцэн ирж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна” гэлээ.



“МАЗААЛАЙ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ИХ ТААТАЙ САНАГДСАН”

Бид “Мазаалай” олон улсын цас, мөсний баяр 2024 арга хэмжээнд оролцсон иргэдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

“БУМ БУЖИГНАЖ, ТҮМ ТҮЖИГНЭСЭН САЙХАН ӨДӨР БОЛЖ БАЙНА”

Иргэн А.АЮУШ: -Олон хүний хөл хөдөлгөөн тасрахгүй, бум бужигнаж, түм түжигнэсэн сайхан өдөр болж байна. Наашаа ирэх машины цуваа тасрахгүй, өглөөнөөс үд хүртэл үргэлжилсээр байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд мазаалай хамгаалах зорилгоор мөсний баяр зохион байгуулсан нь их таатай санагдаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрөөр агаарт гарч, гулгаж, цагийг зугаатай өнгөрүүлээд, сайхан байна.

“ЦАА БУГА, ТЭМЭЭГ ОЙРООС ХАРААД ИХ ДОГДОЛЖ, БАЯРЛАСАН”

Иргэн Б.МАРАЛ-ЭРДЭНЭ: -Мөсний баярт ирээд, сэтгэгдэл гоё байна. Гулгуураар гулгаад, жаахан даарсан ч хөгжилтэй байсан. Энд цаа буга, тэмээ хараад их гайхаж байна. Эдгээр амьтдыг өмнө нь зурагтаар л харж байлаа. Ойроос, бодитоор хараад их догдолж, баярласан.

“УЛААНБААТАРТ, ОЙРХОН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА БОЛОХООР ИРЭХЭД АМАР БАЙЛАА”

Иргэн Г.БАТ-ЭРДЭНЭ: -Анх удаа “Скай Резорт”-д ирж байгаа болохоор сэтгэгдэл өндөр байна. Өмнөх жилүүдэд мөсний баяр Хөвсгөл, Архангай аймгуудад зохион байгуулагддаг байсан. Тэр бүрт нь очих гэхээр арай холдоод байдаг. Энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа болохоор ирэхэд үнэхээр амар байлаа. Энэхүү арга хэмжээнд ирсэндээ ихэд баярлаж байна. Хүүхдүүд гулгах гэж ирж байгаа, дараалал үнэхээр их байна. Зарим гулгуураар одоогоор гулгуулахгүй байна.

“Мазаалай” олон улсын цас, мөсний баярыг зорин ирэгсдийн хөл хөдөлгөөн үл тасарна. Дуу хөгжим хангинаж, иргэд инээд хөөр халгиан, жаргал дүүрэн байгаа нь илт. 

Үдэш болж, сэрүүн орсон ч хүүхдүүд мөсөн гулгуур дээр гулгасаар л байлаа. Төд удалгүй “Мазаалай” олон улсын цас, мөсний баярын нээлтийн ажиллагааны хаалт болж, тэнгэрт өнгө өнгийн салют гялтганан, бид ч хотын зүг хөлгийн жолоо заллаа.

О.ОЮУНДАРЬ
А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу